Санхүүгийн зохицуулах хорооны “Спортын их наадам-2019” өнгөрөгч гуравдугаар сарын 16-30-нд явагдаж дүнгээ гаргалаа. Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд болсноороо спортын их наадам онцлог болж, нийт найман баг сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, биллиард болон дартсын төрлүүдээр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнүүд тус бүртээ ихээхэн өрсөлдөөнтэй, хүч тэнцүү явагдсан бөгөөд спортын төрлүүдээр жигд оролцож, нийтдээ 75 оноо цуглуулсан Захиргаа удирдлагын газар (ЗУГ)-ын баг их наадмыг аваргалан, алтан цомын эзэн боллоо. Дэд байрт 66 оноогоор Даатгалын газар (ДГ)-ын баг, гуравдугаар байрт 57 оноогоор Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын баг тус тус шалгарав. Медалийн тоогоор 1 алт, 7 хүрэл, нийт 8 медаль хүртсэн ДГ-ын баг тэргүүлсэн бол цомын эзэн ЗУГ-ын баг 5 мөнгө, 1 хүрэл медалиар удаалж, 4 алт, 1 мөнгөн медаль хүртсэн Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын баг медалийнхаа чанараар хошуучиллаа.
Багууд сагсан бөмбөг, волейболын төрлүүдэд холимог багаар, бусад төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй багаар өрсөлдсөн бөгөөд волейболын төрөлд ХШЗГ-ын баг, сагсан бөмбөгийн төрөлд Судалгаа, эрсдэлийн шинчилгээний болон Мэдээллийн технологийн хэлтэс (СЭШХ-МТХ)-ийн баг түрүүлсэн бол ширээний теннисний төрлийн эрэгтэйчүүдийн тэмцээнд Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын баг, эмэгтэйчүүдийн тэмцээнд Үнэт цаасны газар ХШЗГ-ын баг, шатарын төрлийн эрэгтэйчүүдийн тэмцээнд ДГ-ын баг, эмэгтэйчүүдийн тэмцээнд Хадгаламж зээлийн хоршооны газар болон дотоод хяналтын хэлтэс (ХЗХГ-ДХХ)-ийн баг тус тус түрүүлсэн байна. Биллиардын болон дартсын төрлүүдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд аль алинд нь ББСБГ-ын баг аваргаллаа.
Эдүгээгээс 25 жилийн тэртээ буюу 1994 онд тусгайлсан, бие даасан хуультайгаар Үнэт цаасны хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн нь Монгол Улсад санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагын үндэс суурь болсон юм. Улмаар санхүүгийн салбарт нэвтэрсэн зах зээлийн харилцааг бүхэлд нь зохицуулах шаардлагын үүднээс Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдан, даатгалын, үнэт цаасны, хадгаламж, зээлийн хоршооны болон банк бус санхүүгийн зах зээл, цаашлаад малын индексжүүлсэн даатгал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны харилцаа, зээлийн батлан даалтын сан, хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, арилжааны банкны зарим үйл ажиллагааг зохицуулан ажиллаж байна.
Хороо түүхт 25 жилийн ойн хүрээнд бүтээлч болон олон нийт, зах зээлд чиглэсэн олон ажил төлөвлөснөө ийнхүү “Спортын их наадам-2019”-өөр эхлүүлж байна.