Энэ 7 хоногийн хугацаанд /2019.03.25-29-ний өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1224 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой 2 зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- БЗД-ийн Товчооны зам Жалганы .. тоот хашаанд Pruis маркийн автомашины жолооч нь машины доогуур орж засвар хийж байх үед нь машин өнхөрч жолооч 39 настай Д гэмтсэн,
- 03.28-ны 08 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг “Довын гол” гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 3 хүний амь нас хохирсон,
- Мөн БЗД-ийн нутаг нарны замд Optima маркийн автомашины жолооч нь T.Crown маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 7,9 настай 2 хүүхэд гэмтсэн хэргүүдэд харьяа цагдаагийн байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Нийслэл хотын хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний 8 нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их байна.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар иргэн, хуулийн этгээд буюу эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтан нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна.
ТЦА-аас дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн эцэг эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж ажиллаж байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл 19 нь явган зорчигч мөргөж гэмтээх, 25 осол нь мөргөлдөх, 4 осол нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 2,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, шүүхээр баривчилсан хүн 27 хувиар өссөн боловч гэмтсэн хүний тоо 20 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 70 хувиар тус тус буурчээ.