Утааны эсрэг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэлээ

2019 оны 03-р сарын 28 өдөр, 15 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
931d59200e477ae21092b1c19cfdbbc4

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” үндэсний чуулганд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон гадаадын их дээд, сургуулийн профессорууд, эрдэмтэн судлаач, багш нар, оюутан залуус оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, санал, дүгнэлтийг төр засгийн бодлогод тусгах, хамтран ажиллах зорилгоор уг чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй юм.

2018 оны 11 дүгээр сард Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” глобал чуулганыг зохион байгуулж, 2030 он гэхэд агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газар уг уриалга, зорилтыг хэрэгжүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг томоохон хэсэг нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын шийдэл гаргах, амьдралд хэрэгжүүлэх юм гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгааны ажлын үр дүн, техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан.

Уг компани нь Багануурын нүүрснээс 2 дахин бага дэгдэмхий бодистой, 6000 килокалори буюу 2 дахин их илчтэй Таван толгойн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод өвлийн улиралд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол энэхүү сайжруулсан шахмал түлшнээс 600 мянга орчим тонныг хэрэглэх тооцоо гарч байгаа гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ үзүүлэлт утааны эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгаж байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хотын удирдлагуудын зохион байгуулалтын ажил одоо чухал хэрэгтэй. Мөн иргэдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Цаашид бидэнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, олон нийтийн өргөн оролцоонд тулгуурлан хийх тулгамдсан ажлууд цөөнгүй байна. Та бүхний хийж байгаа судалгааны ажлын үр дүн, санал зөвлөмж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг бууруулах, хор уршгийг арилгахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Төр засгийн аливаа ажил эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан, эрдэмтэн судлаачдынхаа дуу хоолойг сайтар сонсож, олон талаас нь нягтлан, шинжлэх ухаан, техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилд тулгуурласан байвал илүү үр дүнд хүрдгийг манай Засгийн газар байнга анхааралдаа байлгах болно” гэлээ.

Мөн тус чуулганаас бодлогын үнэтэй зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Агаарын бохирдлын эрүүл мэнд, эдийн засгийн дарамт, ачааллыг тооцон бодлогын шийдэл гаргах чиглэлээр мэргэшсэн нэрт эрдэмтэн, дэлхийн Энхтайвны Нобелийн шагналт, Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит Таныг энэхүү чуулганд оролцож байна.

Кирк Смит 2011 оноос Монгол Улс, ялангуяа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судалгааны багтай хамтран ажиллаж “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгааны хүрээнд хоёр томоохон загвар гарган уушгины хатгаа, зүрх судасны эмгэг, уушгины хавдар зэрэгтэй холбон судалж, 2024 он хүртэл агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээний томоохон шийдлийг зөвлөмж болгон гаргасан байна.

Мөн жирэмсэн эх, хүүхдэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр монгол эрдэмтэдтэй хамтран судалгаа хийдэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Давид Варбуртонтус тус арга хэмжээнд оролцож байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх