Н.Энхбаярын 2016 онд уншсан лекц: Хүн айгаад л байх юм бол хорхой болно

2019 оны 03-р сарын 28 өдөр, 13 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3й3й3й6й6й6й

МУБИС дээр МАХН-ын дарга, Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын уншсан лекц 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр уншсан лекц.

Эхлэл

..Багшийн их сургуулийн урилгаар, мөн бидний урилгаар энэ танхимд хүрэлцэн ирээд сууж байгаа, надтай хамт ажиллаж байсан, миний сайн таних, Монголдоо нэр төртэй хүмүүсийг манай оюутан залуус таньж байгаа байх гэж найдаж байна.

Өнөөдрийн энэ арга хэмжээг Багшийн Их Сургуулийн 65 жилийн ойд зориулсны дээр энэ арга хэмжээ бас манай өвөө Ц.Радна-д зориулагдсан гэж хэлэх нь зөв болно.  Ц.Радна өвөө маань энэ сургуульд сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байсан юм. Энэ жил Ц.Радна өвөөгийн маань 100 насны ой болж байгаа. Тийм учраас энэ арга хэмжээнд манай аав, ээж, манай хадам ээж, манай гэр бүлийн гишүүд, хүүхдүүд ирсэн байгааг баяртайгаар мэдэгдье.

Бидний хувьд энэ сайхан сургуулийн ой, өвөөгийнхөө тэгш насны ойгоор түүний багшилж байсан сургуульд хүрэлцэн ирж та бүхэнтэй уулзаж учрах нь нэр төрийн хэрэг юм. Та бүхэн энэ танхимд хуран цуглаж, миний лекцийг сонсохоор болсонд баяртай байна.

Би өөрөө Москва хотод Утга Зохиолын Дээд сургуулийг төгсгөсөн учраас эзэмшсэн мэргэжлийн хувьд утга зохиол, соёл, шашин сонирходог хүн гэж хэлж болно. Тийм учраас миний энэ удаагийн лекц бол улс төрийн сэдвээр биш харин утга зохиол, соёл, шашины тухай байх болно гэдгийг та бүхэнд урьдчилан хэлье.

За мэдээжийн хэрэг эхлээд Багшийн их сургууль дээр ирсэн юм чинь “багш” гэж хэн бэ? “Багшлах” гэж яахын нэр вэ? “Сурган хүмүүжүүлэх ухаан” гэж юу юм бэ? гэдгийн талаар та бүхэнтэй саналаа товч хуваалцъя.

Тухайн үедээ Орос, ЗХУ-ын нөлөөгөөр манайд Багшийн их сургууль байгуулагдсан гэдгийг та бид бүгдээрээ сайн мэднэ. ЗХУ-д багш нарыг бэлдэх сургууль байгуулж, оросоор “педагогический” гэсэн тодотгол бүхий нэр өгч ажиллуулж байсан.  Одоо ч гэсэн Оросд “педагогический институт” гэсэн нэртэйгээ хэвээр ажиллаж байгаа их дээд сургуулиуд олон. Багш нарыг бэлддэг их дээд сургуулиуд шүү дээ. “Педагогический” хэмээх үг “Педагогика” гэдэг үгнээс үүдэлтэй. Харин энэ үг өөрөө өөрөө хаанаас гарсан юм бэ? гэхээр эртний Грек хэлнээс гарсан юм байна. Яг махчлан орчуулвал “Хүүхдийг чиглүүлэн залах”, “Хүүхдийг удирдах” гэсэн утга санааг илэрхийлсэн үг байна. Бүр нарийн ухаад үзвэл тэр үед баян грекүүд хүүхдүүдээ сургуульд явуулахдаа тэд нар нь төөрж будилахвий хэмээн болгоомжилж, хүүхдүүдийг нь сургуульд хүргэж өгөх, сургуулиас авах ажлыг тусгай хүнд хариуцуулдаг байжээ. Тэр тусгай хүмүүс нь боолууд нь байсан байна. Боолууддаа: “За чи манай хүүхдийг сургуульд нь хүргэж өг, хичээл нь тарахаар буцааж авчир” гэж үүрэг өгдөг байсан байна. Тэр боолуудыг “Педагогууд” буюу “Хүүхдийг чиглүүлэн залагчид”, “Хүүхдийг удирдагчид” хэмээн нэрлэдэг байжээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг нь сургуульд нь хүргэж өгөх болон сургуулиас нь авах ажлыг хариуцан хүүхдүүдийг төөрүүлчихгүй чиглүүлж, удирдаж авч явдаг хүн мөн хэмээн үзэж “педагог” гэж нэрлэсэн байна. Тэгээд боолыг нэрлэдэг байсан үг утга санааны хувьд өөрчлөгдөж, хүүхэдтэй “ноцолддог” хоёр хүн буюу багш ба боол хоёрын тухай ойлголтыг нэгтгэн ийнхүү “педагог” хэмээх нь ганцхан “багш” гэсэн утга санааг илэрхийлдэг болжээ.

Эртний Грекийн сургууль: багш, сурагч ба “педагог” гурав.

Өнөөдөр “Педагог” буюу “Багш” хэмээх энэ эрхэм үг ингэж үүссэн түүхтэй байна. Тэгээд нээрээ сайтар тунгаан бодвол багш бол яах аргагүй хүүхдийг чиглүүлэн удирдаж байдаг, тухайн хүүхдийн мэдлэг боловсрол, ёс суртахууныг зөв төлөвшүүлэхийн тулд өөрөөрөө үлгэрлэн манлайлж байдаг гавъяатан мөн. Багш хүнд өөрийн хүү, хүний хүүхэд гэж ялгах эрх байдаггүй. Шавь болгон нь өөрийнх нь хүүхэдтэй адил байдаг. Багш нар бол шавь нартаа өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг бүрэн шавхан өгөхийг ямагт хичээж байдаг тийм эрхэм хүмүүс мөн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тийм учраас энд байгаа оюутнууд бүгдээрээ,  ер нь багштай болно гэдэг бас бараг аав, ээжтэй адилхан нэгэн ойр дотны харилцаатай хүнтэй болж байгаа их аз завшаан гээд, багш нартаа “баярлалаа” гээд алга ташицгаая.

За ингээд багш нар маань оюутнууд нижгэнэтэл алга ташсан учраас сэтгэл санааны хувьд жаахан ч гэсэн сэргэсэн байх. Зарим оюутан хичээлдээ хайнга хандаж муу сураад уурмыг чинь хугалсан байсан бол одоо жаахан тайвширсан байх гэж бодож байна.

Ер нь сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг өөрөө маш том шинжлэх ухаан. Би өөрөө хэдийгээр энэ удаад улс төр ярихгүй гэж хэлсэн ч улс төрийн үзэл баримтлалын хувьд социал-демократ үзэлтэй хүний хувьд боловсролын салбарт социал-демократ үзэлтэй хүмүүсийн үзэл бодолд нийцсэн гэж хэлж болох байдлаар сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааныг хэрхэн яаж хөгжүүлэх вэ? гэдгийг өөрийн эрхгүй ямар нэгэн байдлаар сонирходог.

Сүүлийн жилүүдэд англиар хэлвэл “critical pedagogy” буюу монголоор махчлан орчуулвал “шүүмжлэлт сурган хүмүүжүүлэх ухаан” гэх юм уу даа, ямар ч байсан социал-демократ үзэлд ойрхон сурган хүмүүжүүлэх ухааны талаар бичигдсэн номыг олдвол унших, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтдийн бүтээл шинээр гарвал танилцахыг хичээдэг. Энэхүү сурган хүмүүжүүлэх ухааны гол санаа, зорилгын талаар нэрт сурган хүмүүжүүлэгч Анри Жиро-гийн хэлснээр, би та бүхэнд хэлсэн үгийг нь хялбаршуулан иш татаж тодорхойлохыг хичээе: Шүүмжлэлт сурган хүмүүжүүлэх ухаан бол үр дүнтэй үйл ажиллагаанд чиглэгдсэн боловсролын бүхэл бүтэн хөдөлгөөн мөн. Боловсрол бол заавал үр дүн авчрах ёстой үйл явц. Зүйрлэвэл зүгээр нэг саванд, тухайлбал чемоданд янз бүрийн ном эмх замбараагүй цуглуулан хадгалахтай адилхан биш гэсэн үг. Хуучин цагт оюутны, сурагчийн толгойд чемоданд юм чихэж байгаа юм шиг элдвийн хэрэгтэй хэрэггүй мэдээлэл, мэдлэг чихдэг байсныг энэхүү сурган хүмүүжүүлэх ухаан шүүмжилж, оюутныг олсон мэдлэгээ үр дүн болгож чадах чадвартай болгохыг зорьдог. Мөн энэхүү шүүмжлэлт сурган хүмүүжүүлэх ухаан хэмээх шинжлэх ухаан нь өөрийн баримталдаг зарчмуудтай, өөрийн итгэл үнэмшилтэй гэж хэлж болно. Нөгөө талаар шүүмжлэлт сурган хүмүүжүүлэх ухаан нь оюутнуудад, одоо энд сууж байгаа оюутнуудад ч мөн адил, эрх чөлөөний тухай ойлголтыг өгөхийг зорьдог. Манай оюутнууд, та нар бодоод үз дээ. Та нар оюутан байхдаа эрх чөлөө хэмээх ойлголтыг бүрэн дүүрэн ухаарчихаад сургуулиа төгсч чадаж байна уу? Тэгвэл шүүмжлэлт сурган хүмүүжүүлэх ухаан эрх чөлөө гэж чухам яг юу юм бэ? гэдгийг оюутнуудад гүн гүзнзгий ойлгуулах тийм чухал зорилтыг тавьдаг юм байна. Түүнчлэл дарангуйлалын шинж чанарыг таньж мэддэг болох тийм мэдлэгийг өгдөг, тийм чадварыг суулгадаг байна. Бас эрх мэдэл бол заавал мэдлэг боловсролтой холбоотой байж сайн үр дүнгээ өгдөг гэж үздэг тийм шинжлэх ухаан юм байна. Дээр нь хүн болгон бүтээлч үйл ажиллагаанд оролцох ёстой, өөрөө бүтээгч болох ёстой хэмээн үздэг ийм сурган хүмүүжүүлэх ухаан байна.

Энэ бүхнийг бүр хялбаршуулаад хэлэх юм бол оюутнууд биеэ дааж сурах эрдмийг зааж сургана гэсэн үг. Биеэ дааж сурах, бүр багшгүйгээр сурч чадах, өөрөө өөртөө багш болох эрдмийг эзэмшинэ гэсэн үг. Өөрөө өөртөө багш болсон оюутан энд яг хэд байгаа вэ? Гарыг нь өргүүлвэл хэдэн оюутан би өөрөө өөртөө багшлаж чадна гэж бодож байгаа вэ? Тэгж бодож байгаа оюутан байвал гараа өргөөч. Би өөрөө өөрийгөө дайчилж удирдаж чадна, өөрийгөө өглөө эрт сэрээж босгоно, өөрөө өөртөө хэрэгтэй лекцийг уншиж багшлаж чадна, би өөрийгөө боловсруулж чадна гэж бодож байгаа оюутан хэд байна вэ? Хамт тоолъё. За нэг байна, хоёр, гурав, дөрөв, тав … нэлээд олон байна. Маш сайн байна. Гэхдээ арай цөөхөн байна. Одоо энэ гараа өргөж байгаа оюутнууд шиг биеэ даах чадвар эзэмшсэн оюутнуудын тоо улам олон болвол их сайн. Яагаад вэ? гэвэл өөрөө өөрийнхөө биеийг дааж чаддаг оюутан бол сургуулиа сайн төгсгөнө. Сургуулиа сайн төгсөөд зогсохгүй өөрөө ажилтай болж чадна. Өөрөө ажилтай болоод зогсохгүй өөрийнхөө амьдралыг авч явж чадна.

Тийм учраас та бүхэн зөвхөн энэ дээд сургуулийг ямар нэгэн дүн аваад төгсөхийн тулд сурч байгаа биш гэж бодох хэрэгтэй. Томоор, өргөнөөр бодоцгоо. Та бүхэн энэ сургуульд сурч байхдаа ирээдүйн амьдралынхаа зургийг зурж, гаргаж байна гэж. Сайн сурначиг, төгсөөд сайн ажлаа олночиг, ажлаа олоод амьдралаа сайн авч явначиг гэж бодох ёстой. Тийм болохоор одоо энэ нүд ирмэхийн зуур өнгөрөх 4 жилд, энэ багш нараараа заалгаж байгаа мөч болгоныг ухаалаг ашиглаж хамгийн гол эрдэм болох өөрөө өөртөө багш болох чухал чадварыг бүрэн эзэмшихийг та бүхэндээ захья.

Манай гэр бүлийн хувьд Багшийн Их Сургууль бол бидэнтэй холбоотой сайхан газар. Манай өвөө Ц.Радна Багшийн Их Сургууль анх байгуулагдсан тэр өдрөөс эхлэн энд багшилж байгаад намайг дөрөвтэй байхад бурхан болсон. Би өвөөгөө бүдэг бадаг санадаг юм. Би өвөөгөөсөө: намайг дээшээ өргөөч гэж шаарддаг байсан. Өвдсөн байхад нь хүртэл тэгэж эрхэлж байсан байгаа юм. Хэдийгээр өвөө маань өвдсөн учир сул дорой болсон байсан ч инээгээд: намайг дээшээ өргө гээд байна ш дээ гэж хэлээд сууж байдаг байсан. Ийм бүдэг бадаг дурсамж надад үлдсэн байдаг юм.

Манай өвөө Ц.Радна Багшийн их Сургуульд сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байсан. Манай гэр бүл Багшийн Их Сургуультай холбоотой гээд цааш нь гүнзгийрүүлэн ярьвал миний эхнэр О.Цолмон Багшийн Их Сургуульд 90-ээд онуудад багшлаж байсан. Энд одоо хамт ажиллаж байсан багш нараас байгаа байх. Тийм учраас Багшийн Их Сургууль бол манай гэр бүлтэй холбоотой ийм сайхан газар байгаа юм.

Өвөөгийн маань аав Д.Цэрэнжав тухайн үед Хаант Оросын Петербургт бага, дунд сургуульд сурч төгсгөсөн байдаг. 1929 онд Хэнтий аймгийн Баян-Дадал сумын хошууны даргаар ажиллаж байсан. Харамсалтай нь 1933 онд Лхүмбэ-ийн хэргээр баригдаж, хилс хэрэгт ял тулгуулан 10 жил хоригдох ял аваад 3 жилийн ялаа эдлээд Улсын Бага Хурлын өршөөлөөр суллагдсан байдаг. 1938 онд Гэндэн, Дэмидийн хэргээр дахин баривчлагдаж, 1938 онд цаазлагдсан.

Өвөөг маань Ц.Радна гэдэг байсан бол эмээ ээжийг маань Ш.Гарамханд гэдэг байсан. Манай эмээгийн аав Шарав гэж хүн байсан. Залуудаа Түвдэд очиж, лам болж, ном үзэж байгаад дараа нь нутагтаа буцаж ирсэн. Лам байхаа больж хар хүн болсон. Эхнэр авч, хүүхдүүдтэй болсон. Нутгийн ард иргэдийг эмчилдэг эм барьдаг хүн болсон. 1933 онд бас баривчлагдсан. “Японы тагнуул” болж хувирсан. Тэгээд тэр үеийн ЗХУ руу цөлөгдөж тэнд амь насаа алдаж, хэлмэгдсэн. Манай эмээ Ш.Гарамханд насаараа Монгол банкинд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо бурхан болсон байгаа. Өнөөдөр Радна овогтой 2 хүн байгаа: Раднагийн Бүдханд гэж миний хайртай ээж, манай ээжийн дүү Раднаагийн Энхзаяа байна.

Манай ээж монгол хэл, утга зохиолын багшийн мэргэжилтэй, олон жил залуучууд, эмэгтэйчүүд, боловсролын байгууллагад ажиллаж байгаад одоо өндөр насныхаа тэтгэвэрт суусан байгаа.

Раднагийн Энхзаяа бол надтай адилхан 23-р тусгай дунд сургуулийг төгссөн. Дараа нь Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хороонд, мөн Монгол банкинд тус тус ажиллаж байгаад, одоо миний өндөр настай аав, ээжийг харж асраад хамт байж байгаа. Энэ товчхон түүхийг ярихад өөрийн эрхгүй “Хэлмэгдүүлэлт”гэсэн үг олон дахин давтагдаж байна.

1-р хэсэг

буюу

Хэлмэгдүүлэлтийн тухай

Та нараас хэлмэгдүүлэлтийг мэдэх үү? гэж асуугаад хэрэггүй байх. Энэ аймшигт хар шуурга, энэ уй гашуу нь хэзээ ч бүрэн тайлагдахгүй эмгэнэлт үйл явдал Монголын бараг айл болгоныг ямар нэгэн байдлаар дайрсан гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Тэр үед Монголд хэлмэгдүүлэлт тухайн үеийн ЗХУ-ын удирдлагын шууд оролцоотойгоор, тэдний ятгалга, тулгалтаар болсон гэж үздэг. Үнэний ортой. Гэхдээ бид бас өөрсдөө нэг нэгнийгээ онцгой харгис хэрцгийгээр хэлмэгдүүлэхэд идэвхи санаачилгатай оролцсоныг хараад би маш их харамсдаг.

Хэлмэгдүүлэлт бол эрүүл саруул хүний ухаанд багтахааргүйгээр хүн хүнээ харгислах, бас дээд зэргээр тэнэглэх, олон олон хүний хувь заяагаар юу ч болоогүй юм шиг тоглох, цаашилбал бүр бүхэл бүтэн улс орон, ард түмний амьдрал, хувь заяаны ноён нурууг хайр найргүй хугалах гэмт үйлдэл мөн гэж хэлвэл ерөөсөө хэтрүүлсэн болохгүй.

Тэгэхээр хэлмэгдүүлэлт, тэнэглэх хоёр хамт байдаг юм. Ухаантан нь хэлмэгдүүлэлтийн үед тэнэг болдог, тэнэг нь ухаантай болдог тийм амьдралын парадокс байдаг юм байна. Энийг би нэгэн жишээгээр та бүхэнд харуулъя гэж бодсон юм. Дундад зуунд И.Босх гэдэг нэртэй Нидерландын зураач байсан. Уран зураг сонирхдог хүмүүс мэдэх байх. Энэ алдартай зураач “Тэнэгүүдийн усан онгоц” гэдэг зураг зурсан байдаг. Тэгвэл “Тэнэгүүдийн усан онгоц” гэсэн ойлголт Дундад зуунд бий болсон байна. Элий балай болсон хүн төрөлхтөн ямар ч зорилгогүйгээр, дээр нь ямар ч жолоогүй, дарвуулгүйгээр хөлгүй далайн усанд аялж яваа тухай ийм бэлгэдэл түүх байдаг. Дундад зуунд Себастьян Брант гэдэг хүн “Тэнэгүүдийн усан онгоц” гэсэн нэртэй найраглал бичсэн байна. Тэрээр тэнэг хүмүүс тэнэгүүдийн усан онгоцонд суугаад тэнэгүүдийн орон руу явж байна гэсэн тийм утга санаа бүхий ёгт найраглал бичсэн байгаа юм. Цаад санаа нь тэр үеийн нийгмээ шүүмжилсэн. Тэр үеийн Дундад зууны нийгмээ шүүмжилж: бид бүгд тэнэгүүд мөн, бүгдээрээ усан онгоцонд суугаад хаашаа ч явж байгаагаа мэдэхгүй байна гэсэн санааг ийнхүү илэрхийлэн хэлжээ. Тэр найраглалаас нь санаа аваад И.Босх хэмээх энэ алдартай зураач “Тэнэгүүдийн усан онгоц” гэсэн зургаа зурсан байна.

Иероним Босхын хөрөг зураг, нэр нь үл мэдэгдэх зураачийн зурсан зураг

За, энэ зургийг харахад нэг гэлэнмаа дуу дуулаад, хашгираад, орилоод, чарлаад байж байна. Энд бас нэг лам хүн дуу дуулаад, хашгираад, орилоод, чарлаад байж байна. Энэ дүүжилсэн талх бол Дундад зууны Европын соёлд, ялангуяа албан ёсны бус гэх юм уу даа, бүр тодруулвал багт наадмын буюу нэг ёсны гудамжны соёлд бол гараараа биш амаараа, шүдээрээ хазаж тасдан идэх ёстой тоглоом байсан. Тэгэхээр энэ зураг дээр байгаа гэлэнмаа ба лам хоёр дүүжилсэн талхнаас хазах гэж тэмүүлэн тоглож байгаа бхайдал нь энэ хоёр зугаа цэнгэлд автсан байгаагийн нотолгоо юм. Түүнчлэн өөр нэг хүн шонгоос дүүжлэн өлгөсөн шувууны шарсан махны хойноос хутга барин зүтгэж байгаа дүрс байна. Бас өөр нэг хүн идэж ууснаа шингээж чадалгүй усан онгоцны нэг тал руу тонгойн бөхийгөөд бөөлжиж байгаа дүрс байна. Усан онгоцон дээр байгаа хүмүүсийг харвал тэд бүгд архи дарсанд умбаж, найрлан хөгжилдөж, хашгиралдан орлилдож, усан онгоц нь хэзээ хэзээгүй хөмрөх гээд найган ганхаж байгаа байдал харагдаж байна.

Энэ алдарт зураг бол тэр аяараа бэлгэдэл. Зүгээр нэг зураг биш. Тухайлбал, гэлэнмаагийн барьж байгаа хөгжмийг эмэгтэй хүний бэлэг эрхтний бэлгэдэл гэж үздэг. Гэлэнмаа энэ хөгжмийн зэмсгийг бариад тоглож байна гэдэг бол садар самуун явдалд өөрөө оролцож байна, бусдыг оролцохыг уриалан дуудаж байна гэсэн ийм бэлгэдэлийг илэрхийлсэн байна. Гэлэнмаа, лам хүмүүс садар самуун явдалд өөрсдөө оролцож, бусдыг оролцохыг уриалан дуудаж байна гэдэг бол сахил санваар хүртээгүй бусад хүмүүсийн тухайд бүр яриад ч хэрэггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлвэл тэр үеийн нийгэм бүхэлдээ садар самуун явдалд автсан байжээ гэдгийг харуулж байна.

“Тэнэгүүдийн усан онгоц”, Иероним Босх (1450 он – 1516 он)

За одоо энэ зураг дээр бусдаасаа эрс ялгаатай дүрслэгдсэн нэг хүн байна. Энэ нөхөр цаашаа хараад суусан байна. Гунисан байдалтай, гартаа аягатай дарс юм уу, ямар нэгэн ундаа бариад суужээ. Энэ бол Европын Дундад зуунд ихээхэн нөлөөтэй, бас үүрэгтэй байсан “алиа салбадай”-н дүрс юм. Хэрэв та бүхэн Шекспирийг уншсан бол, эсхүл Европын Дундад зууны зохиолуудыг уншсан бол тэдгээрт “алиа салбадай”-н дүр байдгийг мэдэх ёстой. “Алиа салбадай” бол дандаа үнэнийг хэлдэг. Шекспирийн “Лир ван” гэсэн зохиолыг уншсан бол хэн ч хаанд үнэнийг хэлж чадахгүй байхад “алиа салбадай” тэр үнэнийг хэлдгийг олж мэдсэн байх. Албан ёсоор бол тэнэг хүн юм шиг харагдах хэрнээ үнэн хэрэгтээ хамгийн ухаантай хүн бол “алиа салбадай” байдаг. Уг нь “алиа салбадай” бол хамгийн түрүүн инээгээд, цэнгэж байгаа хүмүүсийн дунд ороод дуулж хуурдаад сууж байх ёстой хүн атлаа ингээд цаашаа хараад ганцаарахнаа уйтгар гунигт автчихсан сууж байгаа нь сонирхолтой.

Яагаад вэ? гэвэл тэр усан онгоцон дээр, цаашилбал И.Босхын амьдарч байсан Дундад зууны Европт хүмүүс бүгдээрээ “алиа салбадай нар” болж, харин “алиа салбадай” нь “ухаантан” болжээ. И.Босх зурагтаа энэ утга санааг гаргасан байна. Ер нь та бүхэн И.Босх гэдэг энэ зураачийн уран бүтээлийг сонирхоод үзээрэй. Түүний бүтээсэн өөр нэг зураг бий. “Амьдралын таашаал жаргалууд” гэсэн нэртэй. Тэр зураг олон утга санаагаараа манай Марзан Шаравын “Монголын нэг өдөр”-тэй адилхан санагддаг. Та бүхэн сонирхоорой.

Ертөнцийн таашаал, Иероним Босх
“Монголын нэгэн өдөр” зургийн хэсгүүдээс, Марзан Шарав

Хэлмэгдүүлэлтийн үед ухаантай хүн тэнэг юм шиг харагддаг, харагддаг ч гэж дээ, түүнийг тэгэж харагдуулдаг. Би энэ талаар та бүхэнд өөр нэгэн тодорхой жишээ хэлье. Яагаад би “Тэнэгүүдийн усан онгоц”-ны тухай ярьж байна вэ? гэвэл Орос оронд Октябрийн хувьсгалын дараа хэлмэгдүүлэлт эхлэж байх тэр үед бас нэгэн сонин үйл явдал болсон. Юу болсон бэ? гэхээр, та нар В.Ленин, Л.Троцкий нарын тухай мэдэх байх, тэд нар тушаал шийдвэр гаргаж, Оросын шилдэг эрдэмтдийг хүчээр усан онгоцонд суулгаад Оросоос хөөж цөлсөн. Саяхан бид “Тэнэгүүдийн усан онгоц”-ны тухай ярьсан. Харин Оросын энэ үйл явдал бол эсрэг үзэгдэл болсон. Өөрөөр хэлвэл өмнө нь “Тэнэгүүдийн усан онгоц” гэсэн ойлголт байсан бол Оросын шилдэг эрдэмтдийг суулгасан усан онгоцыг “Ухаантнуудын усан онгоц” гэж нэрлэдэг болсон. Энэ бол “Обер-бургомистр Хакен” гэсэн нэртэй усан онгоц. 1922 онд Петроградаас гарч Германы Штеттин гэдэг хотод очсон усан онгоц.

“Обер-бургомистр Хакен” усан онгоц

Оросын удирдлага эрдэмтэд, сэхээтнүүд, зохиолчид, философчдоо тэр усан онгоцонд хүчээр суулгаж эх орноос нь хөөн тууж цөлсөн байдаг. Тэгэхээр уг нь бодитойгоор харвал тэгсэн удирдлага тэнэг, харин тэгэж хөөгдсөн эрдэмтэд ухаантай хэмээн тооцогдох ёстой мэт. Гэтэл тэр үед ийм балай юм хийж байсан удирдлага ухаантай юм шиг, харин эх орноосоо хөөгдөн туугдаж байсан эрдэмтэд тэнэг юм шиг ойлгогдож байжээ. Хэлмэгдүүлэлтийн үед хөл толгой хоёр хоорондоо солигддогийн бодитой жишээ энэ.

За, тэр усан онгоцонд ямар ямар хүн суусан бэ? гэхээр Н.Бердяевыг суулгаж хөөсөн байжээ. Философи сонирхдог, мэддэг хүн сайн мэдэх ёстой энэ хүнийг. Н.Бердяев бол оросын философчдын хамгийн алдартайнуудынх нь нэг нь. Тэгтэл энэ мундаг хүн эх орноосоо хөөгдөж, эх орон нь түүнийг тэнэг хэмээн тооцож, хэрэггүй амьтан хэмээн үзжээ. Дээр үед И.Босх “Тэнэгүүдийн усан онгоц”-ыг зурж, тэр зурагт албан ёсоор бол ухаантнууд гэсэн нэртэй, харин үнэн хэрэгтээ тэнэгүүд яаж садар самуунд умбан явж байгааг дүрсэлсэн байдаг бол, Орост болсон үйл явдал үнэн хэрэгтээ жинхэнэ ухаантнууд яаж ад үзэгдэж, тэнэгүүдэд тооцогдож, эх орноосоо хүртэл хөөгдөж байсан гунигтай түүхийг бичсэн байна. Сүүлд зураачид тэр “Ухаантануудын усан онгоц”-ыг бас зурсан байдаг. Тэр зурганд нөгөө философич ухаантнууд маань архи дарс уусан юм байхгүй, усан онгоцныхоо хажуу тал руу тонгойн бөөлжсөн юм байхгүй, садар самуунд автсан юм байхгүй, хөгжим тоглосон юм байхгүй, харин эх орноосоо хөөгдсөндөө гунисан, амьдралын утга учрыг эрэгцүүлсэн, магадгүй болж байгаа бүх үйл явдалд харамссан нүүр царайтай зогсож байгааг дүрсэлжээ.

“Философийн усан онгоц”, зураач Ольга Цуцкова

Ер нь та нар анзаарч байгаа бол И.Босхын зурагны голд нь шон дээр галууны шарсан мах өлгөж, түүн рүү гартаа хутга барьсан хүн зүтгэж байгаа дүрс бий. Харин “Ухаантнуудын усан онгоц”-ны тухай зураг (энэ зургийг оросын зураач эмэгтэй О.Цуцкова зурсан)-т голд нь цовдлуулсан Христийн унжсан хоёр хөл байгаа. За энэ зурагт Н.Бердяев байна… Энэ зурган дээр дүрслэгдсэн хүмүүс бол тухайн үедээ ч, мөн өнөөдөр ч оросын алдартай философчид гэж тооцогддог. Одоо энэ философчдын бүтээлүүдийг Орост ч, олон улс оронд ч сонирхон гүн гүнзгий үзэж судалж байгаа. Оросын мөн чанар, орос хүний тухай, Оросын түүхийн талаар тэртээ 1922 онд эх орноосоо тэнэгт тооцогдон хөөгдөж байсан философчид хамгийн их сонирхол татахаар бичсэн байдаг.

За, тэгээд одоо энэ “Ухаантнуудын усан онгоц”-ны талаар зарим тоо баримт хэлье. В.Ленин зарлигдаж, 20-40 хүнийг заавал хөөж явуул гэсэн үүрэг өгсөн байдаг. Тийнхүү хөөгдөн цөлөгдөж байсан хүмүүс эх орноосоо явахдаа чухам юу юу авч явах зөвшөөрөлтэй байсан бэ? гэхээр нэг хүн нэг өвөл, нэг зуны пальто, нэг костюм, нэг бүрх малгай, хоёр ширхэг хос оймс, хоёр ширхэг дотуур өмд гээд энэ бүхнийг нь тоолж өгч байсан байна. Тэгээд хоёр хос гутал, нэг чемодан авч явах зөвшөөрөлтэй, өөр юм авахыг тас хориглож байсан байна. Мөнгө төгрөг авч явахын тухайд бүр санасны гарз байжээ.

Одоо Оросын хэлмэгдүүлэлтээс Монголынх руу оръё. Монголд хэлмэгдүүлэлт мөн адил туйлын эмгэнэлтэй үйл явдал болсон. Нийт 37 мянга гаруй хүн амь насаа алдсан. Ийм тоо байдаг. Дутуу тоо ч байж магадгүй. Тоонуудыг авч үзвэл 1918-1935 оны хооронд буюу нийт 17 жилийн хугацаанд Монголын хүн ам нийтдээ 90 мянган хүнээр өссөн байгаа юм. Жилд дунджаар 5,3 мянган хүнээр өссөн гэсэн үг. 37 мянгыг 5 мянгад хуваахад 7 жилийн турш Монголд ерөөсөө нэг ч хүн төрөөгүй юм шиг дүр зураг харагдаж байгаа юм. Монголчууд тэгэж нэг нэгнийгээ үзэн ядаж, барьж баривчилж, нэг нэгнийхээ мууг нь үзэж, шоронд хилс хэргээр хорьж, бүр амь насанд нь хүрч, алж устгаж байсан байгаа юм шүү дээ. Хэлмэгдүүлэлт бол үнэхээр зүгээр тайван ярихын аргагүй эмгэнэлт сэдэв мөн. Үнэхээр аймшигтай үзэгдэл. Хоёрдугаарт, хамгийн муухай нь дандаа гайгүй нэгнийгээ барьж устгасан байгаа юм. Лам хуврагуудаа, эрдэмтдээ, сэхээтнүүдээ, язгууртнуудаа барьж устгасан. Тэр утгаараа хүн амын чанарт, мэдлэг боловсролд, оюун ухааны төвшинд асар хортойгоор нөлөөлсөн гэж хэлж болно. Би өмнө нь хэлсэн: хэлмэгдүүлэлтийн үед тэнэг нь ухаантай болдог, ухаантай нь тэнэг болдог гэж. Бүр өөрийн эрхгүй тэгнэ. Одоо бас нэг жишээ хэлье. Би өөрийн чихээр сонссоныгоо дурсан санаж ярьж байгаа юм.

Ц.Цэдэнжав гуай гэж яруу найрагч байсан.

Яруу найрагч Ц.Цэдэнжав гуай

Оюутнууд та бүхэн мэдэж байгаа байх. Надад тухайн үед аз болж Ц.Цэдэнжав гуайтай уулзах, түүх яриулах тийм сайхан боломж олдсон. Ц.Цэдэнжав гуай надад юу гэж ярьж байсан бэ? гэхээр “Энхбаяр ааби 30-аад онуудад баригдаж алуулчих гээд байсан учир тэр аймшигт байдлаас амь гарахын тулд өөрөө элий балай, галзуу солиотой юм шиг болсон. Нилээд хэдэн жил элий балай болсон юм шиг явсан. Тэгэхгүй бол намайг барьж цааш нь харуулчих гээд байсан. Би юм л дуугарвал намайг хүчээр хэрэгт холбогдуулчих гээд байсан. Би ерөөсөө дугарч болохгүй байсан. Тийм болохоор би хэлгүй юм шиг болсон. Би нилээд хэдэн жил юу ч яриагүй, бүр нэг ч үг яриагүй” гэж хэлж байсан. Оюутнууд аа, та нар бодоод үз дээ. Хүн санаатайгаар нэлээн хэдэн жил байтугай нэг өдөр юм ярихгүй байж чадах уу? Та нар нэг тийм өдөр өнгөрүүлээд үзээч. Юу ч ярихгүй өдөр. Хэцүү байх бизээ. Тэгвэл Ц.Цэдэнжав гуай амьд үлдэхийн тулд элий балай болсон юм шиг царайлж, нэг ч үг хэлэхгүй, нэг ч үг дугарахгүй олон жил явсан байгаа юм. Ингэж тэр аймшигт хэлмэгдүүлэлтийн үед ухаантай нь тэнэг болдог, тэнэг нь ухаантай болдог тийм цаг байдаг юм байна. Гэтэл Ц.Цэдэнжав гуай маань юу гэж бичсэн байдаг билээ? Манай оюутнууд мэдэх үү?

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч,

Сэтгэл зүр хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн

гэж энэ үгийг бичсэн хүн байхгүй юу. Ийм хүнийгээ монголчууд бид үг л дуугарвал барих гэж байсан байна. Энэ хүн баригдахгүйн тулд, амь насаа авч үлдэхийн тулд элий балай болж байсан байна ш дээ. Нэг ч үг ярихгүй олон жил явж амь гарсан байна ш дээ. Тэгснийхээ тухай тэртээ хойно ярьж, дурсаж байсан байдаг юм.

Ингэж ухаантайгаа тэнэг мунхаг болгодогтой холбогдуулж өөр нэгэн жишээ хэлье. Гэхдээ энэ удаад ухаантайгаа тэнэг мунхаг болгон нэрлэж байсныхаа бурууг ухамсарлан ойлгосон тухай түүхийн тухай өгүүлэх болно. Тухайлвал, “Монголын нууц товчоо” “Дэлхийн утга зохиолын шилдэг 50 боть”-д орсон. Монголоос ганцхан ном орсон нь тэр.

За, “Нууц товчоо”-нд юу юу гэж гардаг билээ? Бодончар Мунхаг-ийн тухай гардаг. Оюутнууд мэдэж байгаа байх, багш нар бол бүр сайн мэдэж байгаа бизээ.

Бодончар мунхаг, Л.Бавуудоржийн зурсан зураг

Тэгвэл би та нараас нэг асуулт асууя: яагаад Бодончар Мунхаг гэдэг юм бол? Та нар юу гэж бодож байна? Мунхаг гэж юу гэсэн үг билээ? “Тэнэг” гэсэн үг. Хамгийн энгийн, наад захын утга нь энэ. Ах дүү нар нь Бодончар Мунхаг-ийг мунхаг гэж ад үзээд дэргэдээсээ хөөсөн. Бодончар Мунхаг ах дүү нартаа хөөгдөөд, шувуугаар ан гөрөө хийж ганцаарахнаа амьдарч байсан. Тэгээд нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа ах дүү нар нь түүнийг эрж хайсаар байгаад олж, түүнийг дагуулан буцаад явж байхад нь Бодончар Мунхаг: “хүн ахтай дээл захтай” гэсэн үгийг удаа дараа давтан хэлж, ах нар нь түүний энэ үгийг тийнхүү олон удаа давтан хэлж байгааг сонсон гайхаж, чухам юун тухай яриад байгааг нь өөрөөр нь тайлбарлуулахад тэрээр: нэг хэсэг хүн толгойлогчгүй, хүн бүр амь амиа бодон амьдарч байгаа учир тэднийг эзлэн авахад хялбар байх болно гэсэн санаа хэлсэн гэдгээ ухааруулжээ. Ах нар нь Бодончар Мунхагийн энэ үг үнэн, зөв үг мөн байна хэмээн хүлээн зөвшөөрчээ. Тэд хэдийгээр цөөхүүлээ байсан ч толгойлогчгүй, эмх цэгц, тзохион байгуулалтанд ороогүй олон хүмүүсийг эзлэн эрхшээлдээ оруулж чадсан байна. Тэр цагаас хойш монголчуудын хоорондын харилцаа, Монголын нийгмийн харилцаанд “хүн ахтай, дээл захтай” гэсэн зарчим хүчтэй нэвтэрч, нөлөөлдөг болсон байна.

Тэгэхээр мунхаг хүн: “Хүн ахтай дээл захтай” гэж хэлэх үү? Үгүй байх. Би бол ухаантай хүн тэгэж хэлэх болов уу гэж бодож байна. Ах дүү нартаа тэнэг хэмээн гологдож байсан хүн тэд нараар ухаантайгаа хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Түүнчлэн Дува Сохор гэдэг баатрын тухай “Нууц товчоо”-нд гардаг. Тэгэхээр Дува Сохор гэхээр тэр хүн сохор хүн байсан уу? гэсэн асуулт тавья. Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ буюу маш хол хардаг, хараа сайтай хүн байсан байдаг. Тэгээд яагаад Дува Сохор гэж нэрлэсэн байх вэ? Энд тухайн үгийн эсрэг утга санаа бүхий үгийг хэрэглэж элдвийн хэл амнаас болгоомжлон сэргийлэх, нэг ёсны цээрлэх, эсхүл тухайн хүний эрдэм чадлыг нууцлахын тулд түүний чаддаг эрдмийнх нь тухай хэлэхдээ эсрэг утгатай үг хэрэглэх зэрэг аргын аль нь ч байж болно. Энэ бол өнөөдрийн лекцэнд хөндөгдөж байгаа сэдвийн тухай ярих дашрамд хийж байгаа ажиглалт юм даа.

Харин хэлмэгдүүлэлтийн тухайд бол хүн бүр энэ аймшигтай гэмт хэргийг Монголд дахин хэзээ ч давтагдуулж болохгүй шүү гэж өдөр бүр өөртөө сануулж, бусаддаа сануулж байх үүрэгтэй гэдгийг нийт монголчууд та бүхэндээ, оюутан залуучууд та бүхэндээ хандаж зориуд анхааруулан хэлж байна. Манай орос андууд маань жил бүрийн 10 сарын 30-ны өдрийг хэлмэгдэгсдийнхээ нэр алдрыг дуурсдаг өдөр болгодог. Хэлмэгдсэн хүн болгоны нэрийг дууддаг. Бид бас тийм өдөртэй болох ёстой юм биш үү гэж бодогддог юм.

2-р хэсэг

буюу

Ц.Раднагийн “Зүүд нойрны тухай” лекц

За ингээд эргээд Радна өвөө рүүгээ оръё. Радна өвөө маань сурган, сэтгэл судлалын багш хүн байсан. Би хэлсэн ш дээ. Радна өвөө маань намайг 4-тэй байхад бурхан болсон гэж. Харин Радна өвөөгөөр маань заалгаж байсан хүмүүстэй би хожим уулзаж учрах бололцоотой байсан байна. Тухайлбал, С.Бадраа гэж нэртэй орчуулагч хүн байсан. Одоо залуучууд маань С.Бадраа гэж хүнийг мэдэх үү? С.Бадраа гэж хүн юу хийж, ямар ажил эрхэлж байсан бэ? Мэдэж байгаа хүн байвал гараа өргөөд хэлчихгүй юу. Мэдэж байгаа хүн байна уу? Энд сууж байгаа Ц.Гомбосүрэн гуай, Д.Цэдэв гуай нар гараа өргөх гээд байна, хэрэггүй, та нар угаасаа сайн мэдэж байгаа болохоор хэрэггүй.  Би оюутнууд дундаас хэлэх хүн байна уу? гэж асууж байгаа юм.

Энэ бол их сайн орчуулагч, сэтгүүлч хүн байсан. Олон сайхан ном зохиол орчуулж, түүний хийсэн орчуулга монгол хэлийг баяжуулж, монгол сэтгэлгээг тэлсэн, тийм сайхан хүн байсан. Тэгээд С.Бадраа гуайтай уулзан учрах тэр сайхан боломж бололцоо, завшаан надад тохиолдсон юм. Гэтэл миний мэддэг С.Бадраа гуай маань залуу зандан насандаа миний өвөө Ц.Радна-д хандан ийм захидал бичиж байсан байна. 1946 онд С.Бадраа гуайн монгол бичгээр бичсэн захидлыг одоо бүгдээрээ хамт уншъя, тэгэх үү? Яг С.Бадраа гуайн өөрийнх нь бичсэнийг үг үсэг өөрчлөлгүй дор сийрүүлэв.

” Өчүүхэн шавь Бадраа хичээнгүйлэн,

Хүндэт багш Радна таны эрдэмт тунгалаг оюун, үлэмжийн лянхуад өчүүхэн зурвас өргөе! Хүлээн авна уу? Багш минь!

Энэ 11 дүгээр сарын 15-ны орой эрхэм багш таны радиогоор уншсан “Зүүд нойрын тухай” лекцийг сонсоод сэтгэл бахархлаар оргилсон би аргагүй энэ зурвас бичмээр боллоо. Таны энэ лекц бол чухам арслан мэт чадалтайгаар барахгүй ямар ч театрын тайзны дээр гарах урлагаас дутуугүй сонирхолтой болсныг би төрийн сүлдийг барьж батална. Энэ лекцийг эхлэхэд бид гэртээ тавуулаа хязгааргүй шуугилдаж байсан билээ. Гэтэл ямар ч саадаас торохгүй шаагилдаж байсан бид нар нэг мэдэхэд продукторын зүг нүдээ цавчилгүй ширтэж амсьгалаа даран ядаж чихээ чагнацгааж байлаа. Надаас бусад нь бараг учир мэдэхгүй хөдөөний хүмүүс байсан. Эд нар лекцийн бүх утга агуулгыг гүн ойлгож чадаад бас тэнгэр шиг ойлгомжтой ярьсан таныг гайхалцан хөөрөлдөж байв. Зүүд нойрын тухай эдний оюунд эртнээс лавшран хадагдсан мухар бодлыг бүрэн мулт цохиж шинжлэх ухааны бодит сэтгэлгээг хүртээж чадсан бололтой. Энэ бол сурган хүмүүжүүлэхийн эрдмээр нэвтэрхий зэвсэглэсэн таны оюун чадал ажээ. Энэ бол ардын багшийн төгөлдөр чанар гэдгийг би сайн мэдлээ. Байдал үүнээс хянан сурвалжилвал энэ мэт лекцийг Улаанбаатарын ард түмэн маш найртайгаар амтархан хүлээж авах нь дамжиггүй. Таны сэтгэл зүй, физиологи, сурган хүмүүжүүлэх ухаанаас үндэслэн хоёрдугаар лекц байх болов уу гэж Улаанбаатар аргагүй горьдох байх. Чөлөөт талын монголчууд хээр хөдөөгийн буйд нутагтаа шөнө, өдөр айж цочих, хий бодолгүй болгох талаар бодууштай байна. Монгол хүний тархинд хэдэн зуун жилээр бугшсан цаст Төвдийн орноос ирсэн номлолын хүлээсийг тас татан цэвэрлэх шинжлэхүй ухааны баатар чадал танд дүүрэн байгааг шавь би хэзээ ч итгэнэ.

Таны хуучин шавь,

Улсын их сургуулийн оюутан

хэмээж буй Бадраа ёслов.

1946 он 11 дүгээр сарын 15-ны өдөр”.

С.Бадраагийн захидлын эх

Одоогоос 60 жилийн өмнө ийм захидал бичсэн байна. С.Бадраа гуай манай өвөө 30 настай байхдаа радиогоор “Зүүд нойрны тухай” лекц уншсаныг сонсоод сэтгэл нь хөдөлж энэхүү захидлыг бичжээ. С.Бадраа гуай энэ захидалдаа өөрийн багш, манай өвөө Ц.Радна-д хандан “Зүүд нойрын тухай” лекцээ үргэлжлүүлэн уншихыг хүсчээ. Одоо би та бүхэнтэйгээ уулзаж байгаа энэ сайхан завшааныг ашиглан ихээхэн бүдүүн зүрх гаргаж, өнөөдөр өвөө маань амьд сэрүүн байсан бол “Зүүд нойрын тухай” лекцээ ингэж үргэлжлүүлэн  унших байсан болов уу хэмээн таамаглаж, төрсөн санаа бодлоо хуваалцъя гэж бодлоо.

3-р хэсэг

 буюу

Зүүд нойр ба Дэлхийн соёл, шашин, утга зохиол

Та нар их зүүдэлдэг үү, оюутнуудаа? Зүүдээ таалгадаг уу? Би зүүд нойрны тухай сэтгэл судлаачийн байр сууринаас биш харин утга зохиол, урлаг, соёл, шашинд зүүд нойрны тухай ямар ямар сонин жишээ байдгийн талаар ярихыг хүсч байна.

Жишээлбэл, Эртний Грект Парис хэмээх эртний Грекийн нэгэн алдарт баатар гоо үзэсгэлэнт Елена хэмээх бүсгүйд үхтлээ дурлаж, улмаар түүнийг хулгайлсан тухай домог байдаг. Та бүхэн энэ домгийг мэдэх үү? Парис Еленаг хулгайлсан домгийг мэдэх үү?

“Үзэсгэлэнт Еленаг хулгайлж байгаа нь”,  Гевин Гамильтон (1723 он – 1798 он)

“Троя хотын дайн – Троя хот шатаж байгаа нь”, Франсиско Коллантес (1599 он – 1656 он )

Парис гэх энэ баатар Елена гэх үзэсгэлэнт бүсгүйг хулгайлаад Троя хотдоо аваачжээ. Харин үзэсгэлэнт Елена-гийн араас Грекийн бусад баатрууд нэхэн ирж, ингэж Троя хотын дайн дэгдэж, эцэстээ Троя хот шатаж сүйрсэн түүх байдаг. Эртний Грекийн хамгийн том дайны нэг нь энэ Троя хотын дайн. Ер нь эртний Грекийн битгий хэл Дэлхийн соёлд хамгийн их бичигдсэн, судлагдсан, тусгагдсан сэдвүүдийн нэг нь яахын аргагүй Троя хотын дайн мөн. Та нар Брэйд Питт-ын Ахилл баатрын дүрд тоглосон киног үзсэн үү? Үзсэн бол санаж байгаа байх. Парис баатар үзэсгэлэнт Еленаг хулгайлснаар Троя хотын дайн дэгддэг. Тэгэхээр энэ түүх зүүд нойртой ямар холбоотой байх вэ? Эртний Грекийн домогт өгүүлснээр: энэ баатар ээжийнхээ хэвлийд олдсон байхад ээж нь “Асч байгаа бамбар төрүүлж байна” гэж зүүдэлжээ. Тэр зүүдийг зүүд тайлдаг зөнч мэргэн эмэгтэй юу гэж тайлсан бэ? гэхээр “Та Троя хотыг шатаах хүнийг төрүүлэх юм байна. Тийм учраас Троя хотыг шатаалгахгүй гэж бодож байгаа бол наад хүүхдээ төрмөгц нь ууланд аваачиж хая” гэжээ. Тэгээд зөнч эмэгтэйн зөвлөсний дагуу хүү төрмөгц ууланд аваачин хаясан байна. Харин Парис том болоод Троя хотод буцаж ирэхэд хотын иргэд зүүд тайлсан зөнч эмэгтэйн сэрэмжлүүлэн хэлснийг мартаж Парисийг халуун дотноор хүлээн авчээ. Сүүлд Парис үзэсгэлэнт Еленаг хулгайлж, Троя хотын дайн эхэлж, улмаар Троя хот үнэхээр шатсан байна.

“Трояын морь” гэсэн ойлголт байдгийг та бүхэн мэдэж байгаа байх, тийм үү? Энэ зураг дээр Троя хот шатаж байгаа тухай дүрсэлсэн байна. Трояын морь-ны дүрс ч байна. “Трояын морь” гэж Дэлхийн соёлын түүхэнд томоохон учир утгыг илэрхийлсэн бэлэгдэл юм. Троя хотыг эзэлж чадахгүй байсан Грекийн баатрууд нэгэн санаа сэджээ. Тэд Троя хотыг тойрсон том хана бүтнээрээ байгаа цагт уг хотыг дайран эзлэнэ гэж санахын гарз гэдгийг ухаарч, хотын ханыг нураасны дараа дайран орж эзлэх хортой төлөвлөгөө боловсруулсан байна.

Тэд модоор том морь хийгээд, дотор нь цэргүүдээ нуун байрлуулаад, тэгээд өөрсдөө яваад өгч байгаа юм шиг “жүжиг” дэглэжээ. Троя хотынхон тэр “мэх”-нд нь орж, үлдээгээд явсан модон морийг нь сонирхож, өөрсдөө хотынхоо ханыг нэг газраар нь эвдэн цөмөлж, модон морийг чирсээр байгаад Троя хот руу оруулсан байна. Тэгээд шөнө дөл болсон хойгуур модон морин дотор нуугдсан цэргүүд гадагшаа гарч Троя хотыг галдан шатаасан байна. Нөгөө яваад өгсөн мэт “жүжиг” тоглосон Грекийн баатрууд ч цэргүүдээ дагуулан эргэн ирж, хотын хана нурсан тэр зайгаар Троя хот руу дайран орж эзлэн авчээ. Троя хот ингэж эзлэгдсэн, шатсан түүхтэй.

Тэгэхээр “Трояын морь” гэвэл авч болохгүй бэлэг байх нь байна ш дээ. Дотроо цэрэгтэй, танай хотыг шатаах тийм зорилготой “бэлэг” байх нь байна. “Трояын морь” бол намайг хорлох, биднийг хорлох, манай хот, улсыг хорлон сөнөөх зорилготой хүмүүсийн өгч байгаа аюултай бэлэг байх нь ээ. Бэлэг янз янзын байна. Бэлгэнд дунд “Троя-ын морь” ч байдаг байх нь ээ гэдгийг ойлгож байвал илүүдэхгүй.

За, зүүд нойрны тухай цааш нь үргэлжлүүлэн ярья. Исламын шашины Аллах бурханы элч Мухаммед Аллахын хамгийн эхний сургаалийг зүүд нойрондоо хүлээн авсан гэж гардаг. Энд Оросын алдартай зураач Николай Рерux Мухаммедын зургийг зурсан байна.

Аллах бурханы элч Мухаммед
Зураач Николай Рерих (1874 он – 1947 он)

Түүнчлэн Христын шашины уламжлалд гээд ярьвал, Армяны Христийн шашины ариун санваартан Месроп Маштоц гэж хүн байсан байдаг. Армян үсгийг зохиосон хүн. Энэ хүн Армян үсгийг зүүдэндээ үзсэн гэж гардаг. Энэ зурагт Месроп Маштоц зүүдэндээ унтаж байгаа юм шиг зурсан байна. Нүд нь аниастай байдалтай. Тэгсэн мөртлөө Армян үсгүүдийн дүрсийг зурж, бичиж байгаа байдалтай байна.

Месроп Маштоц, 1776 оны гар бичмэлд орсон зураг.

Армян бичгийн цагаан толгойн үсгүүд

Манай өндөр Гэгээн Занабазарын тухай Соёмбо үсгийг бас зүүдэндээ үзсэн гэж эрдэмтэд үздэг.

Өндөр гэгээн Занабазар (1635 он – 1723 он)

“Соёмбо” үсгийн цагаан толгойн үсгүүд

Ингээд товч ч гэсэн та бүхэндээ нэгийг сануулж, хоёрыг бодуулахаар энэ бүх эртний түүхийг ярьлаа. Энэ бол хоосон түүх биш. Энд ярьсан түүх болгон утга учиртай, хүн төрөлхтний, тухайн үндэстний хувьд түүхийн эргэлт авчрах ач холбогдол бүхий үйл явдал болохдоо зүүд нойртой холбоотойгоор болж байсан байна гэдгийг өгүүллээ.

Тэгвэл 20-р зууны эхэнд зүүдийг бүр нарийн судалсан байна. З.Фрейд гэж сэтгэл судлаач, том эрдэмтэн байсан. Та нар З.Фрейдыг мэдэх үү? З.Фрейд Дэлхийн утга зохиолын бүтээлүүд, домгийг сэтгэл судлалын талаас нь судалж, сонин сонин тайлалуудыг гаргаж ирсэн байдаг. Ялангуяа эртний Грекийн нэгэн домог болох Эдип хааны тухай домог, түүнчлэн Достоевскийн зохиолд суурилан олон сонин тайлбар тайлалыг бичсэн байдаг.

1920-иод оны эхээр болон дундуур, магадгүй бараг сүүл хүртэл, бүр 1930-аад он гартал тэр үеийн ЗХУ-д З.Фрейдын ном зохиолыг орчуулан хэвлэдэг, уншдаг байсан. Сонирхдог байсан. Судалдаг байсан. Харамсалтай нь дараа нь түүний ном зохиолыг хориглосон. Би дотроо бодож байна л даа. Магадгүй манай өвөө, Радна өвөө маань Орос багш нартай хамт ажиллаж байгаад, магадгүй тэр үеийн Монголд хүрэлцэн ирж ажиллаж байсан орос багш нараас З.Фрейдын тухай сонсч, түүний ном зохиолын тухай ярилцаж байсан байж болох юм гэж.

З.Фрейд “Зүүдийг тайлахуй” гэдэг алдартай зохиол ном бичсэн байдаг.

“Зүүдийн учрыг тайлахуй” номын хавтас

З.Фрейд “зүүд бол хүний нуугдмал хүслийг тайлах нэгэн түлхүүр мөн” гэж үзэж байсан. Тэгээд хүмүүстэй уулзаж, тэднийг эмчлэхдээ зүүдийг нь яриулдаг байсан. Эхлээд зүүднийх нь утга агуулгыг яриулсаныхаа дараа тухайн хүн зүүдээ ярьж байхдаа хэрэглэсэн түлхүүр үг, эсхүл зарим дүрсийг тогтоочихоод тэр үг, дүрсийн талаар тэр хүнээс дахин лавлан асуудаг байсан. “За, чи энэ үг, энэ дүрсийн тухай дахин тайлбарлаж ярь” гэж. Тэгэхээр цаад хүн нь тэр үг, дүрсийг тайлбарлах гэж оролдохдоо заримдаа сонин сонин санаа бодол илэрхийлнэ, заримдаа бүр бүдүүлэг үг ч хэрэглэнэ. Тэр санаа бодол, үгийг нь сонсож, тухайн хүний сэтгэл санааны гүнд хадгалагдаж байдаг зовнилыг ухаарч, ингэснээр тэр хүнээ эмчилдэг байжээ.

З.Фрейд: аливаа бодол санаа анхнаасаа бүр тогтсон байдаг. Санамсаргүй санаа бодол гэж огт байдаггүй хэмээн үзэж байсан учраас хүний зүүдийг яриулан сонсож, утга учрыг нь ухааран тайлахдаа: “Би чиний зүүдийг тайлж байгаа юм биш ээ, харин чи өөрөө зүүдээ тайлж байгаа юм. Би чамд тэр зүүдээ тайлахад чинь тусалж байгаа юм”гэж ярьдаг байсан байна.

Магадгүй манай өвөө орос багш нарараа дамжуулан З.Фрейдын энэ номтой танилцсан байж болох юм. Тийм учир би өвөөгийнхөө уншиж байсан “Зүүд нойрын тухай” хэмээх лекцийг үргэлжлүүлэн уншиж байгаа хүний хувьд З.Фрейдын тухай заавал дурьдах нь зөв гэж бодсон нь ийм учиртай. Гэхдээ би зүүд нойрын тухай сэтгэл судлалын шинжлэх ухааны талаас биш харин соёл, шашин, утга зохиол, урлаг талаас нь ярина гэсэн учир тэр хүрээндээ байхыг хичээх болно гэдгийг дахин сануулъя.

З.Фрейд  бол хүн зүүдлэхдээ ямар ямар дүрс үзэж, тэр нь юу юу бэлэгдэж, ямар утга санаа илэрхийлдэг талаар нилээн нарийн тайлбар гаргасан байдаг. Тэдгээрийн зөвхөн заримаас сонирхуулъя.

За З.Фрейд-ынхаар бол одоо энд сууж байгаа хүмүүс байшин зүүдэлвэл үнэн хэрэгтээ хүний тухай зүүдэлсэн гэсэн үг гэж  үздэг байжээ. Эрэгтэй хүнийг зүүдлэхдээ ямар байшин зүүдлэх вэ? За, оюутнуудаа, хэлээрэй. Эрэгтэй хүнийг зүүдлэхдээ ямар байшин зүүдэлж болох вэ? Дүнзэн байшин гэнээ? Яагаад? Сонин санаа байна, тийм үү? Тэгвэл эмэгтэй хүнийг зүүдлэхдээ ямар байшин зүүдлэх вэ? Тэгэхээр З. Фрейдын үзэж байснаар эрэгтэй хүнийг зүүдэлж байгаа бол мөлгөр ханатай байшин зүүдэлнэ, харин энд тэндээ овгор товгортой ханатай байшин зүүдэлж байвал эмэгтэй хүнийг зүүдэлж байна гэсэн үг ажээ.

За хаан, хатан хаан, ямарваа нэгэн өндөр албан тушаалтан, цол хэргэмтэй хүнийг зүүдлэвэл аав ээжийгээ зүүдэлж байна гэсэн үг ажээ. Харин харамсалтай нь хүн дүү нараа зүүдлэхдээ их сонин зүүд зүүдэлдэг юм байна. З.Фрейдын үзэж байснаар шүү дээ. Жижигхэн жижигхэн хорхой шавьж зүүдэлбэл дүү нараа зүүдэлж байна гэсэн үг ажээ.

За төрөхийг яаж зүүдэлж болох вэ? Хүн төрөх, амьдрал төрөх, бий болохыг юутай холбож үзэх вэ? Могойтой гэнээ? Өвс ногоо ургахтай гэж үү? З.Фрейд бол устай холбож зүүдэлдэг гэж үзэж байжээ. Устай холбоотой зүүд зүүдлэвэл. Усанд үсэрч орох, уснаас гарч ирэх, усанд живж бүтэж үхэх шахаж байгаад аврагдвал, эсхүл өөр хүнийг аварвал тэр бүх зүүд нь төрөхийн тухай зүүд мөн ажээ.

За үхэх, хагацахыг яаж зүүдлэх вэ? З.Фрейд төмөр замаар алс хол явах, галт тэрэг, вагонд суугаад явахыг үхэхийн тухай зүүд гэж үзэж байсан байна. Яахав, зүгээр сонирхолтой байж магад гэж бодоод зөвхөн зарим бэлгэдлийн тухай ярьж байгаа юм шүү.

Энэ утгаараа зүүд бол өөрөө бүхэл бүтэн том ертөнц. Заримдаа зүүд бол өөрөө бодит амьдралаас илүү бодит гэж үзэж ч болно. Үүнтэй холбоотойгоор хоёр чухал зүүдийн тухай ярья.

Дэлхийн философид нэгэн сонирхолтой сэдэв, оньсого болон яригддаг зүүдийн тухай домог бий. Энд ШУА-ийн философи, социологийн хүрээлэнгийн захирал Чулуунбаатар байж байна. Чулуунбаатар захирал энэ зүүдийн талаар сайн мэдэж байгаа байх. Дэлхийн философи, соёл, утга зохиол, урлагт ихээхэн нөлөө үзүүлсэн зүүд. Хятадын Даогийнбуюу Бумбын шашин гэж байдаг. Энэ шашины нэгэн алдартай төлөөлөгч бол Жуан Зы юм. Та нар энэ хүний тухай зурсан зургийг харж байна. Энэ хүн зурган дээр унтаж байгаагаар дүрслэгджээ. Энэ зурган дээр бас юу дүрслэгдсэн байна? Эрвээхэй байна, тийм үү?

Хятадын Даогийн шашин буюу Бумбын шашны лам, гүн ухаантан Жуан Зы (МЭӨ 369 он – МЭӨ 286 он) ба эрвээхэй

Ер нь Хятадын Дао-гийн буюу Бумбын шашин бол их алдартай шашин мөн.  Үндэслэгч нь Лао Зы. Жуан Зы бол Лао Зы-тайгаа адилхан тийм нэр хүндтэй хүн байсан. Энэ хүний түүх намтар ч сонин, үлдээсэн сургаал нь ч сонин. Энэ хүнтэй холбоотой хамгийн алдартай гэж хэлж болох домог бол түүний зүүд нойрын тухай түүх билээ.

Нэг удаа Жуан Зы унтахдаа зүүдэндээ өөрөө эрвээхэй болон нисч байна гэж зүүдэлжээ. Жуан Зы эрвээхэй боллоо гэж. Тэгээд сэрсэн байгаа юм. Сэрснийх нь дараа шавь нар нь  багшаасаа: “Багшаа, та сайхан унтаж нойрсов уу?” хэмээн асуужээ. Багш нь бодлогошронгуй байгааг хараад: “Багшаа, та жаахан тавгүйтэв үү?” гэж лавлажээ. Жуан Зы нэг хэсэг бодлогошронгуй сууж байгаад: “Их сонин зүүд зүүдэллээ” гэхэд цаадуул нь: “Ямар зүүд зүүдлэв? гэжээ. Жуан Зы“Би эрвээхэй болж нисч байна гэж зүүдэллээ гэв. Тэгснээ нэг хэсэг их бодлогошров. Шавь нар нь: “Та яагаад ингэж бодлогошроод байгаа юм бэ? Сайхан зүүд байна ш дээ” гэжээ. Жуан Зы“Би нэг юм ойлгохгүй байна. Ингэхэд би эрвээхэй болж байна гэж зүүдлэв үү? Эсхүл эрвээхэй өөрийгөө Жуан Зы болсон байна гэж зүүдлэв үү? Аль нь вэ?” гэж хариулжээ.

Ингээд энэ алдарт зүүднээс хойш Жуан Зы ба эрвээхэй гэсэн сэдэв үүссэн байна. Энэ түүх философи, соёл, утга зохиол, шашинд хүн бодит байдлыг танин мэдэх гэж тэмүүлж байхад объект ба субъект хоёрын хоорондын харилцаа ээдрээтэй, ойлгомжгүй, будлиантай байдаг тухай өгүүлж байна. Ингээд “хэн нь хэнийгээ зүүдлэв”? гэсэн байдлаар объект ба субъектын хоорондын харилцаа, бодит байдал ба бодит бус байдал-ын хоорондын харилцаа, шүтэлцээн, оюун ухаан ба далд ухааны хоорондын харилцаа, шүтэлцээн, сэрүүн байх ба зүүдлэхийн хоорондын харилцаа, шүтэлцээний тухай асуудал тавигддаг байна.

Тэгэхээр энэхүү алдарт зүүдийн талаар зарим санал бодлоо хуваалцахын тулд эхлээд ер нь Дао-гийн шашины зарим шинж чанарын тухай товч өгүүлэх нь зүйтэй болно. Эрвээхэй бол эртний Хятадын соёлд мөнх нас, үхэх ба төрөх, сэрж сэргэхийн бэлгэдэл мөн. Даогийн шашинд мөнх насыг олох гэж их эрэл хайгуул болдог. Даогийн шашны лам нар олон зуун жилийн турш янз бүрийн эм тан найруулж, мөнх насыг олоход туслах ид шидтэй эмтэй болохыг эрж хайж байсан. Та бүхэн санаж байгаа бол Даогийн шашны Чан Чун хэмээх нэгэн ламын урт удаан аяллын тухай түүх байдаг. Чингис хаан Даогийн буюу Бумбын шашны Чан Чун ламыг урьж, өөртэй нь ирж уулзахыг зарлигдсан байдаг. Тэр үед Чингисхаан Монголдоо биш одоогийн Афганистаны нийслэл Кабул хотын хойно байсан ордондоо өвөлждөг байжээ. Тэгээд тэнд хүрээд ир гэж Чан Чун ламд хэлүүлжээ. Чан Чун лам Бээжингээс гараад одоогийн Монголын нутаг дэвсгэрийг зүүнээс нь баруун хүртэл нэвт шувт туулж, одоогийн Афганистанд очиж Чингис хаантай уулзсан байна. Чингис хаанДаогийн  шашны лам нар мөнхийн усын нууцыг олсон хэмээн боддог байсан учир Чан Чунтай уулзмагцаа эхлээд: “Чи надад мөнхийн ус авчирав уу?” гэж асуусан байдаг. Чан Чун лам хариуд нь: “Үгүй ээ, хүн эмээр биш харин үйл хэргээрээ мөнхөрдөг” гэж хэлсэн тухай түүний аяллын талаар шавийнх нь бичсэн тэмдэглэлд өгүүлсэн байдаг. Ямар ч байсан Даогийн шашныхан мөнх наслах, мөнх амьдрах тухай асуудалд ихээхэн нухацтай хандаж, тийм ид шидийг олохын төлөө уйгагүй хөөцөлддөг байсан. Хөөцөлдөж хөөцөлдөж одоогоор “мөнхийн амьдралд хүрэх зам бол үхэлээр дамжина” гэсэн онол гаргасан гэж бичсэн байдаг. Үхэх бол мөнхийн амьдралын зайлшгүй туулах ёстой нэгэн шат дамжлага мөн гэж. Тэгэхээр ингэж зүүдэлнэ гэдэг бол нэг талаасаа Даогийн шашины уламжлалаар ярьвал Жуан Зыөөрөө мөнх насыг бэлгэдсэн зүүд зүүдэлжээ гэж хэлж болох мэт. Ямар ч байсан сайхан зүүд.

Харин энэ дашрамд зүүд нойрын тухай асуудлыг манай Буддын шашинд буулгаад үзвэл яасан юм бэ? гэж бодогдлоо. Ухаандаа та бүхний, энэ лекцийг сонсч байгаа хүмүүсийн оюун ухааныг өдөж байгаа хэрэг шүү дээ. Би саяхан, наашаа ирэх замдаа хамт явж байсан хүмүүсээс асуусан юм: “Ер нь Бурхан багш зүүдэлдэг байсан уу? Тэгсэн тухай сонсч байсан уу? Бурхан багшийн зүүд гэсэн тийм түүх байдаг уу?” гэж.

Бурхан багш ба эрвээхэй

Би Бурхан багшийн сургаалын зах зухаас нь сонирхдог хүний хувьд энэ тухай өөрөө сайн хэлж мэдэхгүй юм. Би бодохдоо зүүд гэдэг бол хамгийн энгийн утгаараа хүн унтах, сэрэхтэй холбоотой үзэгдэл. Шилжүүлсэн утгаар нь яривал хүн сэрнэ гэдэг бол өмнө нь олж хардаггүйгээ олж хардаг болно, ухаардаггүйгээ ухаардаг болно гэсэн үг. Энэ утгаараа хүн дахин дахин сэрэх тусмаа оюун ухаан нь улам хөгжиж, цар хүрээ нь тэлж өргөжиж байна. Одоо та бид нар унтаж л байгаа. Та нар намайг сонсож байгаа ч та бидний оюун ухаан унтаж л байна. Тийм учир та бид дахин сэрэх ёстой. Бүр гэгээртлээ олон дахин сэрэх ёстой. Жуан Зы ба эрвээхэйн үлгэр бас л энэ тухай өгүүлжээ. “Сэрээч ээ, сэрээч” гэж шаардаж байна гэсэн үг. Та бид зүүд нойрноосоо сэрэх ёстой.

Харин гэгээрвэл сэрэх шаардлагагүй болно, гэгээрсэн хүний тухай тэрээр жирийн хүнтэй адил унтаж сэрдэг гэж ярих нь утгагүй болно.  Би Бурхан багш өөрөө гэгээрсэн учир түүнд бидний ойлгодог тэр энгийн утгаараа сэрэх шаардлага байхгүй, сэрэх шаардлага байхгүй учир унтах шаардлагагүй, унтах шаардлагагүй учир тэрээр зүүдэлдэггүй гэж мунхаглая даа. Бурхан багшид бидэнтэй адил унтаж зүүдлэх шаардлага байхгүй. Тэрээр гэгээрсэн, сэрсэн байхгүй юу.

Гэхдээ утга зохиол сонирхдог залуучуудын хувьд Бурхан багшийн зүүд гэсэн шүлэг бичвэл сонин байж магадгүй. Бурхан багшийн зүүд гэсэн өгүүллэг, зохиол бичвэл сонин байж магадгүй.

Жуан Зы ба эрвээхэй гэдэг энэ сэдэв хаана ч очоод ярихад боловсролтой хүн болгоны мэддэг, мэдэж байх ёстой домог мөн учир, монголын залуучууд мэдлэг боловсролоороо  хаанаа ч хэнтэй ч ярьж, санал бодлоо хуваацаж чаддаг байх ёстой хэмээн боддог тул би та нарт энэ үлгэрийг зориуд ярьж өгч байгаа юм.

За одоо дараагийн зүүд. Бүр аймшигтай зүүд. Саяын ярьсан зүүд бол сайхан зүүд. Харин одоо бол аймшигтай зүүдийн тухай ярих гэж байна.

20-р зууны эхэнд Ф.Кафка гэдэг зохиолч амьдарч байсан. Та нар Ф.Кафкагийн тухай сонссон уу. Зохиолыг нь уншсан уу? Ямар зохиолыг нь уншсан бэ? “Хувирал”-ыг уншсан уу? Хүн хорхой болсон тухай, тийм үү? Грегор Замза гэдэг хүн хорхой болсон тухай уншсан уу? За юу гэж бодсон? Эвгүй байсан уу? Эсхүл ямар нэгэн өөр бодол төрсөн үү? Энэ зохиолыг уншсан хүмүүст сануулах юм бол, мэдэхгүй хүмүүст тайлбарлая гэвэл дараах товч түүхийг ярьж өгч болно.

“Грегор Замза хорхой болон хувирсан нь” Зураач Жеймс ЛяГро

Грегор Замза унтжээ. Маш хэцүү унтаж, элдвийн зүүд үзжээ. Хар дарж зүүдэлсэн байж болох, тэгэж таамаглахаар байгаа юм. Хэцүү унтаж өглөө сэрээд хорхой болж хувирсныгаа мэддэг. Энэ бол Жеймс ЛяГро гэдэг зураачийн Грегор Замза хорхой болсон байгааг дүрсэлсэн зураг. Айж сандарсан, гайхаж балмагдсан хүн-хорхой орноосоо босч чадахгүй хэвтэж байгаа тухай зураг.

Энэ бол 20-р зууны хамгийн аймшигтай зүүд. Хамгийн аймшигтай үр дүнтэй зүүд. Грегор Замза хорхой болсон тухай, хүмүүс хорхой болсон тухай, эсхүл тэд нарыг хорхой болгосон тухай зүүд. Судлаачид, уншигчид янз янзаар тайлбарладаг. Яагаад Грегор Замза хорхой болсон бэ? гэдгийг.

Энэ зохиолын бас нэгэн онцлог юунд оршиж байна вэ? гэхээр түрүүн Жуан Зы ба эрвээхэй-н тухай ярьж байхад Жуан Зы зүүд нойрноосоо сэрчихээд өөрөө эрвээхэйн тухай ярьдаг. Харин эрвээхэй Жуан Зыгийн тухай ярьдаггүй. Тэгэхээр Жуан Зы зүүд нойрноосоо сэрсэн байна. Харин Ф.Кафка зохиолдоо Грегор Замза зүүднээсээ сэрээгүй, тэр зүүдэндээ хорхой болж хувирсан, одоо хорхой нь Грегор Замза байсныгаа, эсхүл “зүүдэлснийгээ” санаад ярьж байгаа тухай бичжээ. Хүн биш хорхой яриад байгаа тухай. Хорхой эргэн тойрныхоо тухай дүрслээд байгаа тухай. Хорхой юм хараад байна, дүгнээд байна. Хорхой.

Тэгээд яагаад ингээд хорхой болчихов? гэж асуух хэрэгтэй. Олон хариулт байх бизээ. Нэг хариулт нь гэвэл Грегор Замзабол маш жижигхэн, жижигхэн юм хөөцөлдөж явсан, жижигхэн юмнаас айж явсан, дандаа жижигхэн айдаст дарагдаж дарамтлуулж явсан хүн байдаг. Аав нь өвдсөн, өрөнд орсон, аавынхаа өрийг 5 жилийн дараа төлж дуусах юмсан, ээж нь өвдсөн, ээждээ хэдэн төгрөг олж туслах юмсан, дүү нь авъяастай, хийл хөгжим тоглодог, түүнийгээ хөгжмийн сургуульд оруулах юмсан, төлбөрийг нь төлөх юмсан, ажлаасаа хоцорвол яанаа, гал тэргээр явах ёстой, хоцорвол яанаа гээд дандаа ийм жижигхэн юм хөөцөлддөг, жижигхэн айдаст автсан хүн байжээ. Ёстой л хорхой шавьж шиг жижигхэн юмны хойноос хөөцөлдөж амьдарч байсан нэгэн байдаг. Дандаа амьдралдаа айж явдаг нэгэн. Өглөө босоод айна, хоцорлоо гэж айна. Унтахдаа айна, сэрэхдээ айна, сэрэхээсээ айна. Аавтайгаа уулзахдаа айна, ээжтэйгээ уулзахдаа айна, охин дүүгээ хараад айна, албан хаагчидтай уулзаад айна, гудамжинд гараад айна. Тэгсээр байгаад олон жижигхэн айдасын золиос болсон байна.

Ф.Кафка 20-р зууны эхэнд хүн төрөлхтөн тийм хорхой болсон гэж үзжээ. Өмнө нь ухаантай хүн тэнэг болдог байсан. Бид ингэж байсан түүхийг ярьсан. Тэгвэл энэ удаад тэгснээс ч илүү аймшигтай юм болсон. Айсаар байгаад зүүд нойрондоо хорхой болсон. Айдас хүнийг хорхой болгодог ажээ. Хүн айгаад л байх юм бол хорхой болно. Хүмүүс хоороондоо ингэж ярьдаг ш дээ: “Чи бүр айсаар байгаад хорхой боллоо ш дээ, бүр хойрхой болтлоо айлаа ш дээ” гэж. Ф.Кафка энэхүү байнгын айдас хүнийг хорхой болгосон тухай өгүүлсэн “Хувирал” хэмээх зохиолоороо дамжуулан, өөрөө зохиолоо 20-р зууны эхэнд бичсэн байдаг, фашизм хэмээх аймшигт үзэгдэл төрнө, фашизм хүмүүсийг хорхойнууд болгоно гэж зөгнөсөн байна Айсаар байгаад хорхойнууд фашизмыг төрүүлдэг юм байна. Эргээд фашизм аймхайчууд, хулчгаруудыг хорхойнууд болгодог юм байна. Айлгасаар байгаад. Ф.Кафка энэхүү нэг нэгнээсээ хамааралтай сонин харьцааг “Хувирал”  зохиолоороо судлан гаргажээ. Тэгэхээр айх бол их аймаар юм байх нь байна шүү дээ.

Төгсгөл

Тийм учраас би АНУ-ын Ерөнхийлөгч байсан, яг тэр үедээ Дэлхийн 2-р дайнд Черчилль, Сталин нартай хамт фашизмын эсрэг тэмцэж явсан Ф.Рузвельтын хэлсэн чухал үгийг та бүхэнд сануулъя гэж бодлоо. Тэрээр: “Хамгийн их айх ёстой юм бол айхаасаа айх” гэж хэлсэн байдаг. Тэгээд л болоо. Ердөө л энэ. “Өөр айх юм байхгүй” гэж. “Айхаасаа л айж яв” гэж.

Франклин Делано Рузвельт (1882 он – 1945 он)

Хүмүүс тэр болгон энэ чухал үгийг санадаггүй. Мэддэггүй хүн ч олон байдаг байх. Харин одоо би та бүхэнд айхаасаа айдаг байсан, одоо ч мөн адил айхаасаа айж байдаг тийм хүмүүсийн бүтээлүүдийг энд байгаа зарим оюутантай хамтран уншиж танилцуулъя. Ингэж энэ удаагийн лекцээ өндөрлөе гэж бодож байна.

Ингэхийн тулд би 2016 оны утга зохиолын Нобелийн шагналыг хэн авсан бэ? гэдгийг та нараас асуумаар байна. Та нар мэдэж байгаа юу? Зөв, мэдэж байна. Тийм, Боб Дилан гэж Америкийн рок хөгжмийн од хүн авсан байгаа ш дээ. Боб Дилан бол өөрөө 50, 60, 70, 80 онуудад, одоо 30, 40 жил АНУ, Баруун Европ, ер нь бүх дэлхийг нэлэнхүйд нь хамарсан өөрчлөлтийн том хөдөлгөөний манлайд явж ирсэн, өөрчлөлтийг уриалан дуудагч зүтгэлтэн.

Гэхдээ ганцхан Боб Дилан энэ шагналыг авч байна гэж бодвол учир дутагдалтай болно. Үнэн хэрэгтээ түүнтэй адилхан өөрчлөлтийг уриалан манлайлж явсан, явж ч байгаа зүтгэлтнүүд орон оронд байсан. В.Высоцкий байна Оросд. Миний оюутан байх үед Оросд В.Высоцкий гэж хүний дуу их сонирхол татдаг байсан. Одоо ч сонирхол татсан хэвээрээ байгаа. За, Английн “Пинк Флойд” гэж хамтлаг байна. Та нар дууг нь сонссон уу? Би энэ удаагийн Нобелийн шагнал бол ерөөсөө 50, 60, 70, 80-аад онуудад дэлхийг өөрчилсөн өөрчлөлтийн давалгаа болсон хүмүүсийг нийтэд нь шагнасан шагнал мөн гэж бодож байгаа. Яахав, оноосон нэр нь Боб Диланд  гэсэн байгаа ч.

Тийм учраас би өнөөдөр энэ дэлхийг өөрчилсөн, айхаасаа л айж амьдардаг, дэлхийг өөрчилсөн хоёр дуучин, нэг хамтлагийн шүлгийг эх хэлээр нь болон өөрийн орчуулгаар уншиж танилцуулъя.

Багшийн Их Сургуулийн оюутнууд надад тусалж тэдний шүлгийг орос, англи хэлээр уншина. Боб Диланы “Хүчит салхи”В.Высоцкийн “Би зарим юманд үнэхээр дургүй”Пинк Флойдын “Чи энд байсансан бол” шүлгүүдийг сонордуулъя.

Владимир Высоцкий (ЗХУ)

Я не люблю

Я не люблю фатального исхода

От жизни никогда не устаю
Я не люблю любое время года
Когда весёлых песен не пою

Я не люблю открытого цинизма
В восторженность не верю и ещё
Когда чужой мои читает письма
Заглядывая мне через плечо

Я не люблю когда наполовину
Или когда прервали разговор
Я не люблю, когда стреляют в спину
Я также против выстрелов в упор

Я ненавижу сплетни в виде версий
Червей сомненья, почестей иглу
Или когда всё время против шерсти
Или когда железом по стеклу

Я не люблю уверенности сытой

Уж лучше пусть откажут тормоза
Досадно мне, что слово “честь забыто
И что в чести наветы за глаза

Когда я вижу сломанные крылья

Нет жалости во мне и неспроста
Я не люблю насилье и бессилье
Вот только жаль распятого Христа

Я не люблю себя когда я трушу
Обидно мне, когда невинных бьют
Я не люблю, когда мне лезут в душу
Тем более, когда в неё плюют

Я не люблю манежи и арены
На них мильон меняют по рублю
Пусть впереди большие перемены
Я это никогда не полюблю

В.Высоцкий (ЗХУ)

Би зарим юманд дургүй болсон

Би бүх юм заавал сүйрнэ гэдэгт итгэдэггүй

Би амьд мөртлөө үхсэн юм шиг байхад дургүй

Би жилийн бүх улиралд заавал дуртай байх албагүй

Би хөгжилтэй гэх дуу болгоныг заавал дуулах ёсгүй.

Би хөндий хүйтэн мэдэмхийрэлд дургүй

Би хөөрцөглөн баясаж дэвхцэхэд дургүй

Би надад хаягласан захидлыг өөр хүн уншихад дургүй

Би хүний нандин нууц руу өнгийн харахад үнэхээр дургүй.

Би хагас хугас юманд дургүй

Би хүний яриаг дундуур нь таслахад дургүй

Би ар дагзанд буу тулгахад дургүй

Би духанд сум зооход дургүй.

Би таамаглал нэрээр ховоор хөөцөлдөхөд дургүй

Би эргэлзээнд автаж ангайж алмайрах дургүй

Би шагналын үзүүртэй зүүнд хатгуулах дургүй

Би бусдыг байнга өдөж оролдоход дургүй.

Би эрхтэй нь эрхгүйгээ дээрэлхэхэд дургүй

Би тарган цатгалан мухар сүжигт дургүй

Би эндүүрч алдсандаа харамсах дургүй

Би “нэр төр” гэх үг мартагдсанд харамсдаг.

Би нэгнийхээ мууг нь үзэж “нэр төр”-тэй болоход дургүй

Би шувууны далавч хугарч салбаганахад дургүй

Би хэн нэгнийг хэт өрөвдөх дургүй

Би хэн нэгэнд хэт өрөвдүүлэх дургүй.

Би хүчтэй байх, хүчгүй байхын алинд нь ч дургүй

Би өөрөө айж сандрах дургүй

Би гэмгүй хүмүүсийг шийтгэхэд дургүй

Би зүрх сэтгэлээ уудлалцахад дургүй.

Би зүрх сэтгэл рүүгээ нулималцахад дургүй

Би үнэн үг худал болж, үнэт зүйлс үнэгүйдэхэд дургүй

Би тайз, дэлгэцэнд үнэхээр дургүй

Би бүх юм аяндаа сайн болно гэхийг сонсох дургүй

Би зарим юманд дургүй болсон.

Н.Энхбаяр орчуулав.

By Bob Dylan

The Times They Are A-Changin’

Come gather ’round people
Wherever you roam
And admit that the waters
Around you have grown
And accept it that soon
You’ll be drenched to the bone
If your time to you is worth savin’
Then you better start swimmin’ or you’ll sink like a stone
For the times they are a-changin’

Come writers and critics
Who prophesize with your pen
And keep your eyes wide
The chance won’t come again
And don’t speak too soon
For the wheel’s still in spin
And there’s no tellin’ who that it’s namin’
For the loser now will be later to win
For the times they are a-changin’

Come senators, congressmen
Please heed the call
Don’t stand in the doorway
Don’t block up the hall
For he that gets hurt
Will be he who has stalled
There’s a battle outside and it is ragin’
It’ll soon shake your windows and rattle your walls
For the times they are a-changin’

Come mothers and fathers
Throughout the land
And don’t criticize
What you can’t understand
Your sons and your daughters
Are beyond your command
Your old road is rapidly agin’
Please get out of the new one if you can’t lend your hand
For the times they are a-changin’

The line it is drawn
The curse it is cast
The slow one now
Will later be fast
As the present now
Will later be past
The order is rapidly fadin’
And the first one now will later be last
For the times they are a-changin’

Боб Дилан (АНУ, 2016 оны Нобелийн шагналтан)

Цаана чинь юм өөрчлөгдөж байна

Хүмүүс ээ, ирцгээ, цугларцгаа,

Хүчирхэг түрлэгийн дууг сонсоцгоо.

Эргэн тойрныгоо сайн харцгаа,

Их үерийн ус түрэн ирж буйг ухаарцгаа.

Хүйтэн усанд хөдөлгөөнгүй зогсвол

Хөлний чөмөг чинь хага таштал даарна.

Усанд хаясан чулуу шиг живэхгүй гэвэл,

Урсгал усанд цохиулахгүй гэвэл,

Ажил, амьдралаа бодъё гэвэл

Аль болохоор хурдан сэлцгээ,

Цаана чинь юм өөрчлөгдөж байна.

Зон олонд элдвийг номлогч

Зохиолчид, шүүмжлэгчид нааш ирцгээ.

Анисан нүдээ нээцгээ, дахин сайн харцгаа,

Ахиад ийм бололцоо олдохгүй шүү та нарт.

Юу юугүй дүгнэх гэж битгий яарцгаа

Юу ч болоогүй юм шиг битгий царайлцгаа.

Хэн нэгний талаар хэзээний мэдсэн юм шиг

Хэтэрхий мэдэмхийрч битгий ярьцгаа.

Өнөөдөр ялагдсан гэж тооцогдож байгаа нь

Маргаашийн ялагч болохыг ухаарцгаа.

Цаана чинь юм өөрчлөгдөж байна.

Албан тушаалтнууд аа, наашаа ирцгээ,

Анхааралтай энэ түрлэгийн дууг сонсоцгоо.

Хаалга үүдээ битгий хаацгаа,

Хамаг амьтны зам дээр битгий хөндөлдөцгөө.

Өнөөдөр бусдыг зогсоох гэж байгаад

Маргааш өөрсдөө арчигдах болно.

Их тэмцлийн содон дуу сонсогдоно,

Энд тэнд цонхны шил хагарах нь сонсогдоно,

Эргэн тойрон хана хэрэм нурах нь сонсогдоно.

Цаана чинь юм өөрчлөгдөж байна.

Эцэг, эхчүүдээ энд цугларцгаа,

Эх орны өнцөг булан бүрээс наашаа ирцгээ,

Ухаж ойлгохгүй юмаа

Уурлаж битгий шүүмжилцгээ.

Хөвгүүд, охидууд чинь том болжээ,

Хүссэнээр чинь байхаа нэгэнт больжээ.

Туулж ирсэн зам чинь хуучран эвдэрчээ.

Тусламжийн гараа сунгаж чадахгүй бол

Зориглосонд нь битгий саад болцгоо,

Замаа шинээр тавихаас өөр аргагүйг нь ойлгоцгоо.

Цаана чинь юм өөрчлөгдөж байна.

Хамаг сайныг муугаас нь ялган салгая,

Худал хуурмагийг хараалтай нь хамт таягдан хаяя,

Үнэн шударгыг ерөөлтэй нь хамт бат оршооё.

Өнөөдөр маргаашийн өчигдөр болно,

Өнөөдөр сүүлд сажилж явж байгаа нь

Маргааш магнайд цойлон гарна.

Хуучин буруу журам халагдана,

Хүчирхэг шинэ зөв зарчим тогтоно.

Өнөөдрийн хамгийн түрүүнд байгаа нь

Маргаашийн хамгийн сүүлд орно.

Цаана чинь юм өөрчлөгдөж байна.

Н.Энхбаяр орчуулав.

Bob Dylan

Blowin’ in the Wind

How many roads must a man walk down
Before you call him a man?
How many seas must a white dove sail
Before she sleeps in the sand?
Yes, how many times must the cannon balls fly
Before they’re forever banned?
The answer my friend is blowin’ in the wind
The answer is blowin’ in the wind.

Yes, how many years can a mountain exist
Before it’s washed to the sea?
Yes, how many years can some people exist
Before they’re allowed to be free?
Yes, how many times can a man turn his head
Pretending he just doesn’t see?
The answer my friend is blowin’ in the wind
The answer is blowin’ in the wind.

Yes, how many times must a man look up
Before he can see the sky?
Yes, how many ears must one man have
Before he can hear people cry?
Yes, how many deaths will it take till he knows
That too many people have died?
The answer my friend is blowin’ in the wind
The answer is blowin’ in the wind.

Боб Дилан (АНУ, 2016 оны Нобелийн шагналтан)

Хүчит салхи

Хичнээн холын зам туулсных нь дараа

Хэн нэгнийг хүн хэмээн тоодог юм бол?

Хэдэн далай гэтэлснийхээ дараа

Хээрийн галуу унтаж амардаг юм бол?

Хэдэн удаа их буугаар буудаж байж

Хэрэггүй <<тоглоом>> гэдгийг нь ойлгодог юм бол?

Хүчин салхи хариуг нь мэднэ, найз минь

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад

Хүчирхэг давалгаанд идэгддэг юм бол?

Хэдэн жил амьдарч байгаа хүмүүс

Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?

Хэдэн удаа нүүрээ бууруулсны дараа

Хэний ч зовлонг олж харахаа больдог юм бол?

Хүчин салхи хариуг нь мэднэ, найз минь

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн удаа дээшээ харсныхаа дараа хүн

Хөх тэнгэр байгааг олж хардаг юм бол?

Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд

Хэдэн чихтэй байх ёстой юм бол, хүмүүн?

Хэдэн хүн үхсэний дараа хүмүүс

Хэтэрхий олон хүн үхсэнийг ухаардаг юм бол?

Хүчин салхи хариуг нь мэднэ, найз минь

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Н.Энхбаяр орчуулав.

By Pink Floyd

“Wish You Were Here

So, so you think you can tell Heaven from Hell,

blue skies from pain.

Can you tell a green field from a cold steel rail?

A smile from a veil?

Do you think you can tell?
Did they get you to trade your heroes for ghosts?

Hot ashes for trees?

Hot air for a cool breeze?

Cold comfort for change?

Did you exchange a walk on part in the war for a lead role in a cage?

How I wish, how I wish you were here.

We’re just two lost souls swimming in a fish bowl, year after year,

Running over the same old ground.

What have we found?

The same old fears.

Wish you were here.

“Пинк Флойд” хамтлаг (Их Британи)

Чи энд байсансан бол

Чи тэгээд үнэхээр ялгаж чадах уу:

Чийгтэй өмхий тамыг диваажингаас?

Хөх тэнгэрийн баяр баясгаланг

Хүнд өвчний өвчин зовлонгоос?

Цэнхэртэн харагдах уудам талыг

Цэвдэг газар дээр мушгирах төмөр замаас?

Халуун сэтгэлийн инээмсэглэлийг

Хумсаа нуусан этгээдийн хуурамч багаас?

Чи тэгээд үнэхээр ялгаж чадах уу?

Чи амьдралдаа бусдын шахалтаар

Чин зоригт баатруудаас урваж

Чимээгүйхэн гэтэх сүнсний боол болсон уу?

Амьд моддыг тайран унагаж

Асааж түлэхэд үнс болдог түлээ болгосон уу?

Хээрийн салхины цэнгэг агаарыг

Халуун өрөөний бөгчим агаараар сольсон уу?

Амьдралаа зоригтой өөрчлөхийн оронд

Ахуйдаа баригдаж айж хулчийсан уу?

Аймшиггүй тэмцэлд босохын оронд

Алтан торонд худлаа томорч суусан уу?

Чамайг энд байсан бол гэж их үгүйллээ.

Чи бид хоёрын сүнс төөрчээ

Аквариум дотор хөвсөөр байтал

Амьдрал тэгээд дуусчээ.

Юу ч өөрчлөгдсөнгүй нэг л газраа эргэлдсээр

Юу олж долоов оо чи бид хоёр?

Нөгөө л хучин айдсандаа автсан хэвээр

Нөхөр минь дээ, чи энд байсансан бол.

Н.Энхбаяр орчуулав.

Эцэст нь та бүхэндээ хандан дахин хэлье. Захья. Та бүхэн маань  битгий айж амьдраарай. Дандаа эрвээхэй болж нисч байна гэж зүүдэлж байгаарай. Гэхдээ зүүд нойроноосоо сэрээрэй. Битгий хорхой болоорой. Айхаасаа л айж яваарай.

Хэлмэгдүүлэлтийг Монголд давтуулж болохгүй шүү.

Бид нар өөрсдөө Дэлхийн том соёлын салшгүй нэг хэсэг мөн шүү.

Бид энэ бүхнийг мэдэж байх ёстой.

“Дэлхийн утга зохиолын шилдэг 50 боть”-ийн мянга, түмний нэг нь л миний энд ярьсаныг багтааж байгаа шүү. Өөрөөр хэлвэл эдгээр ном зохиолыг унших нь тухайн хүн, тухайн ард түмний оюун ухааныг хөгжүүлэн шинэ шатанд гаргах нь дамжиггүй шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх