Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон “Тусгай олимп”-ийн наадамд Өмнөговь аймгийн тамирчин Х.Балжинням 2 төрлөөр оролцож, 100 метрийн зайн гүйлтэд АЛТ, бөөрөнцөг шидэлт төрлөөр ХҮРЭЛ хос медаль хүртэж эх орондоо ирлээ. Улс аймгийнхаа нэрийг дэлхийд гаргасан Х.Балжиннямыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Абу Даби хотод болсон“Тусгай олимп”-ийн наадамд оролцоход шаардлагатай санхүүг бүрэн шийдэж явуулсан бол дараагийн удаа эмчилгээ сувилгаа хийлгэхэд шаардлагатай зардал мөнгийг шийдвэрлэж бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Х.Балжинням тамирчин сүүлийн нэг жилийн хугацаанд энэхүү спортоор хичээллэж эхэлсэн төдийгүй олимпд ердөө 14 хоног бэлтгэл хийсэн. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл үүнээс ч илүү амжилт гаргах боломжтой гэдгийг түүний багш дасгалжуулагчид онцолж байлаа. Их спортод өөрийн авьяас чадвараа дайчлан өндөр амжилтыг гаргасан тамирчиндаа болон түүний гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.