Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй төслийн шугамаар Япон улсын засгийн газраас 8,875,000 иен буюу 213 сая төгрөгийн өртөг бүхий “Hitachi” фирмийн “HI VISION Avius” загварын 34 ширхэг хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн билээ.
Өдгөө эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглаж буй ЭХО аппарат нь зөвхөн хэвлийн хөндийн эрхтэний хэт авиан оношилгоог хийдэг байсан бол, “Hitachi” фирмийн “HI VISION Avius” загварын ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ургийн оношилгоог хийх боломжтой болж байна.
Нэн ялангуяа уг аппарат нь элэгний үрэвсэл, хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм. Орчин цагийн анагаах ухааны салбарт олон талын ач холбогдолтой энэхүү суурин ЭХО аппаратыг ашигласнаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр цогц байдлаар хэрэгжиж, элэгний хатуурал, хавдрыг эрт үед нь илрүүлж оношлох, улмаар иргэдийг энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам болж байна.
Тус аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн билээ.
Элэгний үрэвсэл, хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх 4D ЭХО аппараттай боллоо
2019 оны 03-р сарын 26 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )