Гал түймрийн улмаас эмээ, охин хоёр угаартаж амиа алджээ

2019 оны 03-р сарын 26 өдөр, 18 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд таван ханатай гэр, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 02:34 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Тус дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай таван км замыг туулан 02:42 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Б /58 настай, эмэгтэй/, А /Ой 6 сартай, эмэгтэй/ нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Онцгой байдлын албанд өдөр ирж буй нийт дуудлагын 90 хувийг объектын гал түймэр эзэлж байна.

Ойрын өдрүүдэд шар өвс шатааж, гал алдсаны улмаас ой, хээрийн түймэр энэ сард хоёр удаа гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-нд Толгойтын зүүн салаа Богинын ам буюу “Төгөл” амралтын газрын орчимд дөрвөн га газар хамарсан хээрийн түймэр гарсан бол мөн хоёр хоногийн өмнө Шадивланд хээрийн түймэр гарч, 10 га газрыг хамарсан тухай албаныхан мэдээллээ. Тиймээс хуурайшилт их байгаа энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, амралт зугаалгаар явахдаа гал гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

– Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх

– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

– Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх

– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газар анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх