Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, БСШУЯ-ны “Насан туршийн боловсролын үндэсний төв” болон Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх цуврал сургалтыг зохион байгуулж байна.Тус сургалтыг өнгөрөгч долоо хоногт нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж, “Насан туршийн боловсролын үндэсний төв”-үүдийн нийт 21 сургагч багшийг хамрууллаа.
Гурван хоног үргэлжилсэн сургалтаар санхүүгийн боловсрол, түүний агуулга, хэрэглээний тухай ерөнхий ойлголтуудыг багш нарт бататган өгсний зэрэгцээ санхүүгийн зах зээлүүд, тэдгээрийн онцлог, ялгаа, давуу болон сул талууд, мөн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, засаглалын нөхцөл шаардлага зэрэг өргөн хүрээний агуулгыг багтаасан байна. Түүнчлэн санхүүгийн зохицуулалт, үүний шаардлага, арга хэрэгслүүд болон хууль, эрх зүйн орчин, санхүүгийн салбарын эрсдэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Цуврал сургалт үргэлжилсээр байгаа бөгөөд Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан аймгуудад удахгүй явагдана. Энэ онд нийтдээ 221 сургагч багшийг тус сургалтад хамруулах юм.