Бүртгэгдэж буй зам тээврийн ослын дийлэнх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалдаг бөгөөд 2018 онд бүртгэгдсэн ослын 4,3% буюу 1230 осол нь жолооч тээврийн хэрэгслийн хурд тохируулаагүйгээс шалтгаалж гарсан байна.
2018 онд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс шалтгаалсан осол 49,8%-аар өссөн ба үүний улмаас 104 хүний амь нас хохирсон байна.
Хурд тохируулаагүйгээс бүртгэгдсэн зам тээврийн ослыг аймаг, дүүргээр нь авч үзвэл Төв, Өмнөговь, Дундговь аймгуудад, нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн алслагдсан замуудад хамгийн их бүртгэгджээ.
Он гарсаар эхний 2 сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд хурд тохируулаагүйгээс шалтгаалж 152 осол бүртгэгдсэн нь нийт ослын 3,8%-ийг эзэлж байх боловч учирсан хохирол, хүний эрүүл мэнд ноцтой байдлаар гэмтэж, амь насаа алдах тохиолдол нь өндөр байна.
Иймд хурднаас шалтгаалсан ослыг бууруулах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “ХУРД” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Хурд тохируулаагүй нь олонхи улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба энэ нь шинэ, залуу жолооч нартай холбоотой байна. хурдыг 1 км/цагаар л бууруулахад зам тээврийн осол 4-5% буурдаг гэж олон улсад үздэг байна. Автомашинаар хурд багатай явах тусам ослын үед хохирол бага учирдаг тул жолооч та хурдаа хасч, тогтоосон хязгаарыг мөрдөж хөдөлгөөнд оролцоорой.
Тээврийн цагдаагийн алба