Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн талаарх зурагт тайлбар, зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийн талаар та бүхэнд мэдээлэл хүргүүлж байна.
Улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн гол мэдээллүүдийг агуулдаг бүртгэлийн нэг хэлбэр юм. Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлд Автотээврийн тухай хуульд заасны дагуу улсын дугаар авч, замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.
Гэвч тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нар автомашиныхаа улсын дугаар нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, зөрчилтэй хэвээр хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна.
Зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь улсын дугааргүй, улсын дугаараа нуун далдалсан, бичиглэлээ бүдгэрүүлж арилгасан, буруу байрлуулах зэргээр гэмт үйлдлээ нуун далдлах оролдлого хийх явдал түгээмэл байдаг тул цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хяналт шалгалт хийж ажилладаг.
Иймд жолооч та автомашиныхаа улсын дугаарыг тогтмол шалгаж, зөрчлөө арилган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.