БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аян байгаль орчны салбарт дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Байгаль орчны салбарын үндэсний хэмжээний Засаглал 2018”-ыг эх орондоо авчирлаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Ногоон паспорт” аян нь олон нийтийн нийтийн талархлыг хүлээсэн ажлуудынх нь нэг бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн 778 сургуулийн 168 мянган сурагчийг хамруулж, ирээдүйд байгальд ээлтэй, хариуцлагатай иргэдийг бэлтгэхэд нөлөөлийн том ажил болж чадсан юм.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Ногоон паспорт” аяныг Дэлхийн ногоон байгууллагад онцлон танилцуулсныг Лондон хотод төвтэй олон улсын байгууллага үнэлж, байгаль орчны салбарт сайн туршлага нэвтрүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийг олон улсад алдаршуулах зорилгоор олгодог шагналыг ийнхүү Монгол Улс анх удаа хүртлээ.
Өдгөө байгаль орчны салбарт дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогдож буй энэхүү шагналыг Англи, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсын Засгийн газар гардсан байна.
“Байгаль орчны салбарын үндэсний хэмжээний Засаглал 2018” шагналыг эх орондоо авчраад буй “Ногоон паспорт” аян нь санаачлагчдаа “Дэлхийн ногоон элч” шагналыг авчирлаа. Эдгээр нэр хүнд бүхий шагналыг Дэлхийн ногоон байгууллагын удирдлагууд ИБУИНВУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Н.Тулгад хүлэээлгэн өгснийг өчигдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулсан.
“Ногоон паспорт” аянд нэгдсэн сурагчид “Ногоон паспорт” хөтлөн жилийн хугацаанд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар ялгарч буй нүүрс хүчлийн хийг бууруулан байгаль орчны боловсрол эзэмших юм. “Ногоон паспорт” эзэмшигч сурагчдын зөв дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсад жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргажээ.
“Ногоон паспорт” аяны хүрээнд Эко клубуудын сурагчдын болон багш нарын анхдугаар чуулганыг зохион байгуулж, хаягдал зай хураагуур цуглуулах савны загварын уралдаан зарлаж, сурагчдыг байгаль орчны өртөөчилсөн сургалтад хамруулахаас эхлээд хог “Түүх марафон”, “Байгаль орчны өсвөрийн сурвалжлагч”, “Бид байгаль орчноо хамгаална” сэдэвт уралдаануудыг зохион байгуулж, шалгарсан сурагчдыг урамшуулаад байгаа юм. Цаашид энэхүү үйл ажиллагааг улам өргөжүүлэх бөгөөд зөвхөн сурагчдаас гадна ААНБ, иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна. Уг аяныг зохион байгуулсан үеэс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр дэмжиж ажилласан билээ.