Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо

2018 оны 12-р сарын 18 өдөр, 19 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_7890

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлиг гаргаж, өнөөдөр 2018 оны шилдэг судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээв.

2018 оны Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар:

  • Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;
  • Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Б.Хонгорзул нар эрдэм, шинжилгээний ажлаараа шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагналыг нь гаруулж, баяр хүргэн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: 

“Шинжлэх ухаанд залуу үеийг татан оролцуулах, залуу судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр шинжлэх ухааны салбарын 3 хүртэлх ажилтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгодог уламжлалтай.

Шинжлэх ухаан бол улс орны хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл юм. Харин шинжлэх ухаан бүтээх арга болох эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэдэг бол хүн бүрийн хийж чаддаг амар ажил биш. Судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой, шинжлэх ухаанч хөгжилд тэмүүлсэн залуу үеийг бэлтгэхэд төрөөс тогтмол анхаарч, урамшуулан дэмждэг байх ёстой.

Өнөө жил судалгаа шинжилгээний бүтээл туурвилаараа дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 3 залуу судлаач Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртлээ.

Доктор Б.Цэрэндулам, Д.Золзаяа, Б.Хонгорзул нар хүний ген, тархи судлал, мэдээллийн технологийн чиглэлээр онол – арга зүйн түвшин, хэрэглээний өгөөжөөрөө залуу судлаачдаа тэргүүлсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэжээ. Тэдний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн судалгааны ажил тус бүр 70 гаруй удаа эшлэгдсэн байгаа нь судалгааны ажлын чанар чансаа, ач холбогдлыг нь харуулж байна.

Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархаж, цаашдын ажил хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэлээ.

“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Хүний биеийн олон эд эрхтний гажиг үүсэхэд оролцдог шинэ генүүдийг илрүүлэн баталж, энэ төрлийн хам шинжийн үүсэх молекул механизм, учир шалтгааныг тайлбарлах; удамшлын шалтгаант гажиг үүсгэдэг синдромуудын ген, мутаци, молекул механизм, нийлэгждэг уураг, тэдгээрийн харилцан үйлчлэлийг судалж, өвчин үүсэх механизм, түүний явцыг танин мэдэх, улмаар оношлох, эмчлэхэд ач холбогдол бүхий “Хүний генетикийн гажиг үүсгэгч зарим генүүдийн харилцан үйлчлэл” сэдэвт судалгааны бүтээл туурвисан Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;

Хүмүүсийн өдөр тутмын мэдээлэл технологийн ашиглалтын явцад бий болж байгаа байршил болон цаг хугацааг агуулсан их хэмжээний өгөгдлүүдийн тусламжтайгаар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар агаарын бохирдол, хот дахин төлөвлөлт, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг судалсан “Байршил болон цаг хугацааг агуулсан том хэмжээний өгөгдлийн мэдээллээс улс орны хэмжээнд хүмүүсийн үйл ажиллагаа, төлөв байдлыг онтологи болон статистикийн аргаар шинжлэн урьдчилан таамаглах нь” сэдэвт ажил гүйцэтгэсэн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа;

Өнчин тархины үүдэл эс нь E-Cadherin наалдагч уургийн тусламжтайгаар өөр хоорондоо мэдээлэл дамжуулагч Notch signal-г идэвхжүүлдэг, энэ нь өнчин тархины үүдэл эсийн олшролыг зохицуулдаг болохыг тогтоож; өнчин тархины үүдэл эсүүд бусад эрхтэн тогтолцооны зарчимтай адилгүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулан, өөрсдийн үйл ажиллагаа, үүдэл эсийн олшрол, хуваагдлыг зохицуулдаг болохыг баталсан “Үүдэл эс ба түүний үүр” сэдэвт судалгааны ажил хийсэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Батчулууны Хонгорзул нарт Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх