Жанжин Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойн өдөрт зориулсан баярын хурал Уурхайчин соёлын ордны их танхимд болов.
Баярын хурлын үйл ажиллагааг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн.
Тэрээр баярын үйл ажиллагаанд оролцож буй зочид төлөөлөгчид болон нийт уурхайчин хамт олонд баярын мэнд хүргэхийн ялдамд түүхт ойгоо ажил бүтээлийн арвин их амжилттай угтаж буйг тэмдэглэв.
Мөн хурлын үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаатар, ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл нар үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Эрдэнэтээр бахархаж, энэ өдөр баярлаж байгаа бүх хүнд Монгол улсын нэрийн хуудас болсон их бүтээн байгуулалтын бахархалт сайхан үйлсийг баярын мэндчилгээгээр дамжуулан тодотгон хэлсэн юм.
Баярын хурлын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шилдэг ажилтнуудад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал Академийн тэргүүлэгчдийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Ю.Цэдэнбалын одонгоор шагнасныг гардуулав.
Ойн баярын үйл ажиллагаа тус үйлдвэрийн Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид болон авьяаслаг уурхайчдын хамтарсан “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлэв.