Хулгайгаа нуухын тулд хөөхөөр шийдэв үү

2018 оны 12-р сарын 14 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15447770135c136d3577dd5

МАН-ын дотоод хагарал цагаандаа гарч, нэг нэгнийхээ булхайг дэлгэж эхэллээ. Хэдийгээр төсвийн мөнгөнөөс хууль бус аргаар “тоншсон”-ыг олон нийтэд ил болгож байгаа нь сайн ч улс төрийн зорилгоор нэгнээ шантаажилж, барьцаалж байна уу гэмээр үйл явдал ч харагдаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өгсөн. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарыг ЖДҮ-гээс зээл авсан хэрэгт буруутгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирсэн гэх боловч дээрх гурван гишүүн үгүйсгэж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан асуудлыг хөндөж, хуулийн байгууллага шалгах шаардлагатай гэдэг асуудлыг хөндсөн байдаг. Гэтэл дээрх хэргийг шалгаж, гэм буруутай нөхдөд хариуцлага тооцохын оронд анх олон нийтэд мэдээлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөж гаргасан нь анхаарал татаж байна. Тэгвэл дээрх үйл явдлыг зарим улстөрч болон олон нийтийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдын толгойлдог гэх МАНАН бүлэглэл амь тавихаасаа өмнө зарим гишүүдийг “шантаажилж”, хэрэг үүсгэх замаар өөрсдийнхөө талд оруулах гэсэн оролдлого, бохир улс төр гэж ч хардаж байна.

Учир нь, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбум хэрэг болон Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэж өгөхийг нэр бүхий 40 гишүүн шаардаж, гарын үсгээ зураад байгаа юм. Эндээс харахад УИХ дахь “бүдүүн” бүлгийн хагарал эрчээ авч эхэлснийг харуулж байна. Гэхдээ энэ мэт нэг нэгнээ шантаажилж, барьцаалсан байх магадлалтай улстөржилтөд хууль, хяналтын байгууллагынхан цэг тавих ёстой. Тэд аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэж нэн тэргүүнд олон нийтийн эргэлзээг тайлах шаардлага урган гарч ирж байгааг анхаарах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх