Өнөөдөр “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын өдөр

2018 оны 12-р сарын 12 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f4094b8ae48ca744d33627762bd9b4dc93a0b1b5
БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ:
ХЭНД Ч, ХААНА Ч
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/ гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хүчирхэг, тэгш байдлыг хангасан, хэнийг ч орхигдуулахгүй байж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоотой байх нь чухал ач холбогдолтой.
Өнөө үед дэлхий нийтээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ууд дээр санал нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд илүү аюулгүй, тэгш, эрүүл дэлхийг бий болгох өндөр түвшний зорилтуудыг тавьсан билээ. Энэхүү зорилт нь олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ба бидний зорьж буй илүү эрүүл дэлхийг бүтээхэд гол чиглүүлэгч нь болох юм.
ТХЗ-ын 3.8 нь БНЭМХ бөгөөд эрүүл мэнд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой, цогц арга замуудыг хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд улс төрчид, бодлого боловсруулагчдын хүсэл эрмэлзэл, манлайлал чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай 2016 оны тогтоолоор “Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх” зорилтыг дэвшүүлж, 2016-2020, 2021-2025, 2026-2030 онуудад хүрэх түвшнийг тодорхойлсон билээ.  Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэгэн адил Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх үзэл баримтлалын зорилтууд нь өөр хоорондоо салшгүй, харилцан уялдаатай ба цаашид амжилттай хэрэгжүүлэхэд нийгмийн  ядуу, эмзэг хэсгийнхэнд чиглүүлэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх”-д гол анхаарлаа хандуулан ажиллах нь чухал юм.  
ЯАГААД БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ ЧУХАЛ ВЭ?  
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/-д хийж буй хөрөнгө оруулалт нь улс орон хүний нөөцөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд БНЭМХ нь эрүүл мэндтэй холбоотой болон хөгжлийн өргөн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гол стратеги болж байна.
Зайлшгүй шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон санхүүгийн хамгаалалт нь зөвхөн хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах төдийгүй халдварт өвчний тархалтаас сэргийлэх, ядуурлыг бууруулах, ажлын байруудыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болно.
ДЭЛХИЙ ДАЯАР МАШ ОЛОН ХҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР БАЙНА.
 БНЭМХ дахь “Бүх нийтийн” гэдэг нь “бүх хүмүүст” гэсэн үг бөгөөд ялгаварлан гадуурхалгүйгээр, хэнийг ч орхигдуулах ёсгүй гэсэн үг юм. Хэн ч хаана ч хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ядууралд өртөхгүйгээр хүртэх эрхтэй.
• Дэлхийн хүн амын тал хувь нь эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна.
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрсдийнхөө халааснаас шууд төлж буй төлбөрийн улмаас дэлхий дахинд 100 сая хүн ядууралд өртөж, өдөрт дөнгөж 1.9-өөс бага долларын орлогоор амь зууж байна.
• 800 сая гаруй хүн (дэлхийн хүн амын бараг 12 хувь) өрхийн нийт орлогынхоо 10-аас дээш хувийг өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн зардалд зарцуулдаг байна. Үүнийг “сүйрлийн зардал” гэж нэрлэдэг.
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “сүйрлийн зардлын” эрсдэл нь дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайтай өндөр хөгжилтэй орнуудад ч өрхийн төсвийнхөө 10-аас дээш хувийг эрүүл мэнддээ шууд зарцуулж байгаа хүн амын хувийн жин өсч байна.
ДЭМБ, ЭМЯ хамтран хийсэн судалгаагаар (2017):

  • Монгол улсад чинээлэг хүмүүстэй харьцуулахад ядуу бага орлоготой  иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж доогуур байна. Тухайлбал, олон жилийн чиг хандлагыг харьцуулж үзэхэд ядуу бүлгийн иргэд амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг чинээлэг иргэдээс бага хүртэж байгаа нь хэвээр байна.
  • Ядуу иргэдийг чинээлэг бүлгийн иргэдтэй харьцуулахад тусламж үйлчилгээний хэрэгцээ байгаа ч эрэлхийлэхгүй байна. Тэд эрүүл мэндийн тусламж аваагүй шалтгаан нь өвчнөө онц хүнд биш гэж үзэн өөрөө өөрийгөө эмчлэх явдал түгээмэл байгаагаас гадна төлбөрийн чадвартай нь холбоотой байна.
  • Нарийвчлан судалж үзвэл хүн амын орлого багатай иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх шалтгаанд тусламж үйлчилгээ авахад тулгарах санхүүгийнхүндрэл, эрүүл мэндийн байгууллага хүртэлх зай болон тээврийн хэрэгсэл дутагдалтай байх зэрэг орж байна.

Чинээлэг иргэдийн хувьд ч хүнд явцтай, архаг өвчний үед сүйрлийн зардалд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тухайлбал, санхүүгийн сүйрэлд орох эрүүл мэндийн төлбөр төлсөн өрхийн хувь хэмжээ орлогын бүлэг дээшлэх тусам өсч, өрхийн эзлэх хувийн жингээр сүйрэлд орох эрүүл мэндийн төлбөр төлсөн чинээлэг өрхийн тоо ядуу бүлгийнхнээс 5-10 дахин их байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх