Тэрээр цонхоороо харан нэг л дуу муутай зогстол утас нь дуугарлаа.
– Байна уу, миний хайраа би чамайг санаад байна. Би орцонд чинь байна. Гарч иртэл чинь хүлээнэ ээ гээд Наагий утсаа тасалчихав. Должмаа гэрийнхээ түлхүүрийг аван өлмий дээрээ гэтсээр хаалгаа аажуухан онгойлгон гарвал Наагий шатан дээр буруу харан гараа дэрлээд сууж байв. Тэр хоёр шивнэлдэн суутал гэрийнх нь хаалга онгойн аав нь:
– Миний охион, хүн ирсэн юм бол ороод уулзаач дээ. Орцонд суугаад, айл амьтан муу хэлнэ гээд хаалгаа дутуу хаагаад саад болохгүй гэсэн шиг цааш явав. Должмаа ичиж үхэх гэж байсан ч гэсэн Наагийг гэртээ оръё хэмээн ятгасаар байгаад сугадан орлоо. Наагий юм уучихсан байна. Ээж, аав хоёртой чинь иймэрхүү байдалтай анх уулзмааргүй байна гэсэн хэдий ч Должмаа зүгээр ээ унтчихсан байгаа хэмээн хэлээд хоёул орлоо. Тэр хоёр өрөөндөө орон элдэвийг шивнэлдсээр. Маргааш өглөө ээж, аавыг нь сэрэхээс өмнө гараад явна хэмээн орсон хоёр шөнөжингөө эрхлэлдэн бас ч гэж залуу насны жаргалд умбасаар бараг үүр хаяарах алдад унтацгаав. Наагий түрүүлж сэрэн Должмааг дуудаад явлаа хэмээн хувцаслан гарах гэтэл ээж нь тэндээс: Айлд ирсэн хүн байна аяга цай амсаад гараач. Яасан монгол оо алдчихсан юм хэмээн ширүүхэн хэлэв. Наагий уучлаарай гэсээр галын өрөөнд орон Должмаа уруу харвал цаадах нь нүдээ ирмэн зүгээр ээ гээд амаа хөдөлгөн хэлээдинээмсэглэв. Тэр хоёр банштай цай халаан идэж байтал Норжин орж ирэн.
– За хүү минь заавал урилга заллагатай танилцах болж байна уу. Харанхуй шөнө охин дээр минь ирээд хонож байхыг бодоход зүгээр ч нэг найз төдий биш бололтой. Аль эсвэл хөгшин би одооны та нарыг ойлгохгүй буруу, зөрүү ярьж байна уу гээд намжирдан асуувал. Должмаа санаа зовон
– Ээж ээ, манай найз байгаа юм. Та одоо юу гээд балайраад байгаа юм бэ гэтэл Наагий хулган байж
– Намайг уучлаарай, би уг нь иймэрхүү байдалтай танилцана гэж бодоогүй. Уучлаарай гээд доошоо харав.
– За яахав, одооны та нар ямар бидний үе шиг, ёс жудиг энэ тэр гэх биш. За тэгээд нутаг ус хаанах вэ?, Ээж, аав чинь аль хошуу аймаг вэ?, Охинтой минь зүгээр л үерхэж нөхөрлөж байгаа хэрэг үү?, Та хоёр хир удаж байгаа юм бэ?. Должмаа хацар нь улайн
– Ээж, та одоо дэндүү юм аа, алив Наагий явъя хэмээн гараас нь хөтлөн босгох гэтэл Норжин уурлан:
– Байз гэм чи, байтлаа хар юм хараад эхээсээ ичих нь үү. Би юу буруу асуучихаав…
Гэтэл ч тэндээс Данзан орж ирэн хөгшөөн хоёулаа гадаа жаал салхинд гарах уу. Дулаарсан чинь бөгчимдээд байна. Должмааг багаас нь аав нь л дандаа яг хэрэгтэй үед нь авардаг байв. Энэ удаа ч гэсэн мөн л аав нь ийнхүү аврагч нь болж орж ирлээ. Норжин амандаа үглэсээр би одоохондоо чиний толгойг мэдэхтэйгээ байгаа шүү гэсээр Данзанг даган гарлаа. Наагий сая нэг уртаар амьсгаа аван Должмаагийн өөдөөс харан инээмсэглээд
– За хатуухан хадам ээжтэй болох нь дээ
– Уучлаарай, манай ээж жаахан түргэн зантай болохоос цаанаа бол бодох санах юмгүй их цагаан, шударга хүн байгаа юм
-Зүгээр ээ, хэн ч гэсэн ингэнэ, чи минь үүнд юундаа санаа зовдог юм. Дараа нь ирж албан ёсоор танилцана аа. Сая муухай бантлаа шүү хэмээн инээгээд, за найз нь харъя даа. Одоо очоод бас ээжээс эрүүний шөл ууна, чи гарах гээд яахав хө, хайр нь утсаар яръя гээд үнсээд гарлаа.
****
Тэр нэг өдрөөс хойш Должмаа, Наагий хоёр нэг нэгнийхээ гэрээр чөлөөтэй орж гардаг болов. Данзан шатар нүүх дуртай Наагийг ороод ирэнгүүт за нэг өрчих үү хэмээн хуучин модон шатраа дэлгээд суучихна. Наагий ч өөрөө дуртай юм болохоор тэр хоёр хэдэн ч цагаар хамаагүй нүүгээд суучихдаг байв. Данзан байрныхаа гадаах саравчинд үеийн хөгшчүүлтэй шатар тоглодог байв. Бас ч гэж зүгээр нүүхгүй 1000 төгрөгөөр тоглоно. Өөрөө сайн тул хоосон байх нь бараг үгүй. Тэгээд л хожсон мөнгөөрөө тэр хавийн хүүхдүүдийг нийлүүлж байгаад зуугийн зайрмаг аваад өгнө. Тэгээд ч тэр үү хүүхдүүд бүгд Данзан өвөө гээд тоглож байхад нь түүнийг дэмжин тойрон зогсох нь элбэг.
Хөгшчүүл л болсон хойно нэгнээрээ дамшиглан
– Данзан ч олон дэмжигчтэй хүн шүү, ингээд шулганалдаад дэмжээд байхаар бид нар хожигдохоос яахав, энэ дуу чимээнд олигтой төвлөрч бодож чадахгүй юм гэхэд Данзан хариуд нь мар, мар хийтэл инээд алдаад
– Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж, хүүхдийн заяа их шүү, хамгийн гол нь эднийгээ шатарт дурлуулах гэж л ингэдэг юм. За тэр яахав үргэлжлүүлье хэмээн хэлээд нухацтай нь аргагүй нүүдлээ бодон суучихдаг байв.
Норжинд харин яагаад ч юм Наагий нэг их таалагддагүй байлаа. Тэрээр нэг өдөр нөхөртөө – Энэ хүүг овоо хэдэн сар харлаа олигтой ажил төрөл гэж хийж байгаа чюм байхгүй. Нэг л худлаа их ярьсан хүн
– Норжин минь манай Наагий бас ч гэж хоосон толгой биш шүү. Хоёр биендээ болж байвал яахав дээ. Чи минь заримдаа хэтрүүлэх гээд байх юм
– Хэ цэс, шатар нүүхдээ л дориун юм байгаа биз. Яагаад ч юм охинд минь хань болохгүй санагдаад байдаг юм. Жаахан дотуур тамиртай ч юм шиг. Чи юугаа мэдэхэв дээ. Энэ Должмаа өөрөө хэтэрхий сайн юмаа. Эмэгтэй хүн ингэж хөл алдаж хүндээ хөнгөнөөс өгөх ч дээ…
– Залуу улс яахав дээ хөгшөөн. Юу нь муудчихаад байна. Тэгж байгаад учир зүйгээ олно. Чи бид хоёр ч гэсэн залуудаа ямар байлаа даа. Наагий яахав жаахан дотроо бодолтой л биз. Ер нь эр хүн юм, юм уруу үсчиж орсон овилгогүй байснаас энэ нь дээр байлгүй. Тэгээд ч энэ хоёр минь ямар юу, юугүй суух гэж байгаа биш харж л байя
– За, за болъё хөгшин залуу хоёр сүүлдээ тархиа шаав. Нээрээ энэ Наагий тэгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй юм. Охиныг минь бэр гуйж авах хүн үү, үгүй хүн үү. Тэр талаар юу чиг л ярихгүй юм. Энэ хоёр ингэж байгаад яагаа ч үгүй хүүхэдтэй болчих вий дээ…хэмээн үглэнэ. Данзан хөгшнийхөө занг мэдэх болохоор хоолойгоо зассанаа зурагтаа асаан суулаа.
Мөнхнаран, Должмаа хоёр СТӨ-нд хошин шогийн тоглолт үзчихээд харих гээдавтобусны буудал явж байтал Должмаагийн гэнэт гол нь харлан хий огиулж эхлэв. Наагий гайхан
– Яасан зүгээр үү, өдөр олигтой юм идээгүй өлсөж байна уу
– Үгүй ээ зүгээр, сая жаахан инээгээд ингэчихэв үү
– Инээхэд юу боллоо гэж ингэхэв дээ. Чи минь дандаа л хайр хүргэсэн, хүүхэд шиг юм ярьж байх юм. Үгүй арай чи минь жирэмсэн болсон юм биш байгаа
– За үгүй байлгүй дээ
– Ингэхэд сүүлийн чинь биений юм хэзээ ирлээ. Ойрд ирсэн гэж чи юм хэлэхгүй байсан
– Нээрээ хэзээ ирлээ, бараг 3 сар гаран болж байгаа юм байна ш дээ… хэмээгээд тэрээр Наагийгийн өөдөөс харлаа
– Маргааш ер нь явж үзүүлье. Болсон ч бай, үгүй ч бай үзүүлчих
Должмаа яагаад ч юм санаа дагаад ч тэр үү явдал нь улам намбайгаад ирэх шиг болов. Наагий харин өөдөөс нь харан инээгээд
– Нэг л гоё, итгэмээргүй ч юм шиг санагдаад байх юм. Чамайг ингээд том гэдэстэй явж байгаагаар төсөөлсөн чинь гээд гэдэсийг нь илтэл Должмаа ичин гарыг ньтүлхээд
-Хүүе, болиоч ээ. Улс амьтан харж байна ш дээ, юу гэж бодох юм. Тэгээд ч болсон ч юм уу, үгүй ч юмуу. Минийх угаасаа алдаж ирдэг
– Хүн харвал харна л биз. Эхнэр, хүүхдээ энхрийлж байгаа хүн л байгаа биз. Надад ичих юм алга. Маргааш хурдан болоосой. Охин гарвал чам шиг хөөрхөн, хүү гарвал харин над шиг сэргэлэн хүү гарах байх аа хэмээн хэлээд инээд алдав.Маргааш нь эмнэлэг явахаар тохироод Наагий гэрлүүгээ явлаа. Тэрээр их л хөгжилтэй амандаа дуу аялан явна.