Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух иргэдийн дотор үндэстний цөөнх болох тува /духа/ иргэд олноороо амьдардаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 27-30-нд ажиллаж, нутгийн иргэдэд хүний эрхийн мэдлэг ойлголт олгох сургалт явуулж байна. Өнөөдөр тус сумын 50 гаруй төрийн албан хаагчид “Төрийн үйлчилгээ ба Хүний эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Чинагийн Галсан” сан, Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, оролцогчдыг ном, гарын авлагаар хангаж байна.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум өнөөдрийн байдлаар 2000 гаруй өрх, 9500 гаруй хүн амтай бөгөөд түүнээс 350 өрх буюу 1300 гаруй нь тувачууд, үлдсэн нь казак иргэд байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хяналт шалгалт, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ирүүлсэн санал хүсэлт, иргэдээс ХЭҮК-т ирүүлж буй өргөдөл гомдолд Баян-Өлгий аймагт аж төрж буй монгол хэлний цөөнхийн эрхийн асуудал, ялангуяа тэдний хүүхдийн эрх, сурч боловсрох эрхийн асуудал нэлээд анхаарал татаж байна. Иймд Монгол Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Бүх нийт боловсролын төлөө!” ИНҮЭ-тэй хамтран 2016 онд Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг судалсан юм. Судалгааны дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д тусган 2017 онд УИХ-д өргөн барьсан бөгөөд ХЭҮК-ын санал, зөвлөмжийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2018 оны 1 дүгээр сард тогтоол баталж, Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулах нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг.