НИЙГЭМ

Бээжин хот руу хагалгаанд явсан хүүхдүүд эхнээсээ ирлээ

2018 оны 11-р сарын 28 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46825058_1954769564599658_3805836302704705536_n

Өнөөдөр Бээжин хотын Анжень эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон Э. Удвал охин эх орондоо эргэн ирлээ. Тэрбээр 4 настай.  Дурангийн хагалгаа амжилттай болж, эрүүл саруул болжээ. Аавтайгаа хамт явсан охиныг ээж, эмээ хоёр нь угтан авч баяр хөөрөөр дүүрэн учирлаа.

Мөн Б.Насанбат хүү  нарийн шинжилгээнд орсны дараа хагалгааг энэ удаа хийх боломжгүй учраас ээжтэйгээ хамт буцан ирсэн юм. Хүү хоёрхон настай.  Ээж П.Цэнгүүн нь “ Хүүгийнхээ зүрхний эмгэг болон энд мэдэгдэхгүй байсан хавсарсан эмгэгүүдээ бүрэн оношлуулсан. Бээжингийн тэр сайхан том эмнэлэгт чадвартай эмч нар миний хүүг эдгэнэ, том болохоор хагалгаа хийлгээд эрүүл болно гэсэн” гэв. Угтан авсан хүүгийн  эмээ ч “ та бүхэндээ баярлалаа, оношлуулж, эмчилгээний арга замаа мэднэ гэдэг хамгийн сайхан боломж” хэмээн ярьсан юм.

Э.Удвал охины аав  Д.Энхтайван “  Анжень эмнэлэг хотхон шиг цогцолбор  томоохон эмчилгээ, үйлчилгээний газар байна.   Дурангийн,  мэс заслын эмч нарын  тус тусдаа  олон хүний бүрэлдэхүүнтэй багууд тэнд ажиллаж байна.  Мөн хагалгааны дараахь эмчилгээний багийн эмч нар нь тусдаа байгааг хараад биширлээ. Монголын үр хүүхдүүдийн төлөө эмнэлгийнхэн тэр чигээрээ  ажиллаж байна. Миний охины эмгэгийг дурангийн хагалгаагаар эмчлэх  боломжтой учраас бусдаас түрүүлээд хагалгаандаа ороод ирлээ.  Охины зүрхний орчмын хоёр судас нь тус тусдаа саадгүй цусаа  шахах байтал  нийлж холилддог  байсан юм уу даа. Би эмнэлгийн хэллэгийг  сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан уруул нь хөхөрч, уурлахаараа айхтар минчийдэг байсан.  Мөн зүрхний цохилтыг нь чагнахад хэржигнүүртэй сонсогддог байсан. Хагалгааны дараа сонсоход хэвийн болжээ.  Хагалгааны дараа 24 цаг охиноо хөдөлгөөнгүй байлгах гэж жаахан сандарлаа. Бусдаараа бол бүх зүйл сайн байсан. Одоо 6 сар хүүхдийнхээ хөдөлгөөнийг анзаарч байгаарай гэсэн. Их дэггүйтүүлж болохгүй байх.  Би гурван хүүхэдтэй. Том нь 13 настай. Дундах охин минь Удвал. Бага нь хоёр ойтой учраас ээжтэйгээ үлдсэн юм. Та бүхэндээ болон Анжень эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Эмч нартаа болон Улаан загалмайнхандаа баярлалаа гэдгийг дамжуулаарай” хэмээн  дахин дахин хэлсээр эхнэр, охин, ээжээ дагуулаад гэртээ харихаар явлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013