УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг хэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар сайн жишгийг харуулж байгааг онцлоод, Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар мэдэгдсэн эсэхийг тодруулав.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцсон, тооцохоор ярьсан асуудал байхгүй байна” гэж хариулсан.
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авсан асуудалтай нэр холбогдсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд нарыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг ярилцсан” гэсэн нэмэлт тайлбар өглөө.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.