Японы Мэргэжлийн Сүмо бөх өдгөө монголчуудын маань үзэх дуртай, бахдан дэмжиж, баярлан уухайлдаг спортын төрөл болжээ. Анх 1991 онд Монголоос Д.Кёкүшюзан Батбаяр миний бие Кёкүтенхо Цэвэгням, Кёкүтэнзан Энхбат, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргалгал нарын таван залуугийн хамтаар Японд очиж, өнөөдрийн энэхүү гайхалтай амжилтуудын эхлэлийг тавьж байсныг Та бүхэн маань мартаагүй биз ээ. Тэр цагаас хойш бидний хэдэн нөхдийн гаргасан зам мөрөөр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд өнөөг хүртэл 30 монгол сумоч дэвшин барилдаж, тэд маань сүмогийн дэвжээнээ үзүүштэй сайхан барилдаан, уран мэхээрээ сумогийн ертөнцөд чимэг болохын сацуу өдгөө монгол улсаас мэргэжлийн сүмогийн 4 их аварга төрөн гарч, сүмогийн ертөнцийн түүхэн амжилтууд монгол бөхчүүдийн нэр дээр бичигдэж байгаа бахдам сайхан амжилтуудыг гаргаж байгааг та бид гэрчлэн харж байна. Д.Кёкүшюүзан Батбаяр миний бие анхны барилдаанаа 1992 оны гуравдугаар сард хийж, төд удалгүй Макүшита болон Жюүрёо зиндаанд дараалан түрүүлж, дээд зиндаанд барилдах болсноор Комүсүби цолонд хүрч байсныг сүмод хайртай та бүхэн маань тодхон санаж байгаа бизээ. Өнгөрсөн хугацаанд мөр зэрэгцэн барилдаж байсан анд нөхөд болон дараа үеэс төрөн гарсан дүү нар маань япон улсын иргэншил авч, сүмогийн дэвжээндээ үнэнч үлдсэн хэдий ч миний бие зодог тайлсан даруйдаа эх орноо гэсэн сэтгэлээр монголдоо буцаж ирэн монголынхоо сүмо бөхийн холбоог хөгжүүлэхийн төлөөх их үйлсэд хоёргүй сэтгэлээр өнөөг хүртэл зүтгэж байна. Монголдоо буцаж ирсэн даруйдаа миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдож төр, түмний төлөөх их үйлсэд зүтгэх ажлын хажуугаар сүмо барилдах чин хүсэлтэй олон арван залуусыг арлын японд аваачиж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, сүмогийн ертөнцөд алдар нэрээ дуурсгах боломжийг олгоод зогсохгүй олон мянган монголчуудаа япон улсад ажиллаж амьдрах гүүр болохоос гадна анхдагч сумочийн хувьд эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд цаашлаад хоёр орны соёлын солилцоонд бага ч болов өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаадаа таатай байна. 1992 онд УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэд гуайн санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан Монголын сүмо бөхийн холбоо өдгөө 25 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд миний бие тус холбооны ээлжит сонгууль бүрт 100 хувийн саналаар удаа дараалан ерөнхийлөгчөөр улиран сонгогдож амжилттай удирдаж ирлээ. Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчийн зүгээс Монгол залуусаа сүмогийн өлгий нутаг болсон япон улс руу явуулах, сүмо бөхийн тэмцээн уралдааныг монголдоо зохиох, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, япон улсаас монголдоо хөрөнгө оруулалт татах гэх мэт нөр их ажлын хажуугаар холбооныхоо 25 жилийн ойг угтаж “Кёкүшю бэяа” нэртэй сүмо бөхийн спорт цогцолборыг барьж ашиглалтад оруулаад байна. Спорт комплекс маань зөвхөн сүмо бөхөөр хязгаарлагдахгүй таквэндо, сагсан бөмбөг, волейбол, жүдо, шатрын спортоор хичээллэх боломжийг монголынхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа нээж өгсөн гэдгээрээ ач холбогдолтой юм. Улс орны хөгжлийн суурь нь боловсролтой иргэн нэг бүрээс бүрэлдэнэ. Тиймээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийн, энэ оны 10 сард “Сакура” сургуулийнхаа бүрэн цогцолборыг барьж ашиглалтанд оруулан, 2800 хүүхдийг эрдмийн өргөөндөө хүлээн авсаныг онцлон хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн 25 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн нийт бөхчүүд, сүмочид, дасгалжуулагч зүтгэлтнүүд, сүмо бөхийг шимтэн сонирхогч монголын ард түмэн, нийт бөх сонирхогчиддоо баярласан талархсанаа илэрхийлж, сумогийн дэвжээнд барилдаж байгаа бөхчүүддээ амжилт хүсэн, Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн түүхт ойн мэндчилгээг өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр