“Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийсэн өдрөөсөө үзэгчдийг шуугиулж буй. Уг киноны зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм.
Ур хийц, хэлэх санаа, ухааруулж, үзэгчдийг уйлуулан уяруулдаг “Нинжин сэтгэл”-ийн тухай МУГЖ Н.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа сэтгэл гэгэлзүүлэн бичжээ.
“Би өчигдөр “Нинжин сэтгэл” гэдэг кино үзлээ.Миний хамгийн сүүлд үзсэн сайхан кино энэ байлаа. Сүүлийн үед ийм зохиолын боловсруулалттай, сайн жүжигчдийн багтай кино ховор үзжээ. Зүгээр л, нийт уран бүтээлчдэд баяр хүргэе!
Энэ кинонд жүжигчин Өлзийхүүгийн бүтээсэн дүр ёстой гайхалтай болжээ. Насаараа урлагт зүтгэж яваа Өлзийхүү маань “гавъяат”-гүй гавъяат юм байна. “Нинжин сэтгэл”-д үнэхээр бярдаж тогложээ. Дундаршгүй авъяастай мятаршгүй бүтээлч Өлзийхүүгээр бахархаж байна. Уг кинонд Эрдэнэ-Очир гэж бас л хүч тэнхээ нь тэгширсэн сайхан жүжигчин тогложээ. За ер нь л сайн жүжигчид тоглосон маш ээдрээтэй үйл явдалтай сэтгэл догдлуулж ухаан хайрласан кино болжээ. Ухаан нэмэх бүтээлийг үзээд байцгаа даа,хүмүүс ээ” гэжээ.