Лхамсүрэнжавын Ганзул
( 1979-2018 )
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул хорвоогийн мөнх бусыг үзэж, нөхөж баршгүй гарз хохирол учирлаа.
Л.Ганзул 1979 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг тус тус төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг яруу найрагч байлаа.
Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ. Мөн “Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал, “Цагаан уул”, “Ган үзэг” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байсан.
Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас болон мэргэжлийн байгууллагуудаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, шагнал хүртээжээ.
Монголын их утга зохиолын сод билэгт төлөөлөгч, авьяас билэгт уран бүтээлч түүний эгэл даруу, эрдэм төгс гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногших болно.
Ум сайн амгалан болтугай
МЗЭ-ийн Удирдах Зөвлөл
МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын ажлын алба
“Утга зохиол, урлаг” сонин
“Цог” сэтгүүл, Үзэг нэгт анд нөхөд нь