Чөлөөт бөхийн олимпийн 3, дэлхийн 13-н удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд түүний төрсөн нутаг Японы Цүй хотод боллоо. Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, БТСДуС-ийн дасгалжуулагч Б.Нямбаяр, олон улсын шүүгч Б.Эрдэнэболдын хамт манай улсын 21 тамирчин оролцсоноос 1 алт, 7 мөнгө, 2 хүрэл нийт 10 медаль хүртжээ.
Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд:
Баянхонгор аймгийн тамирчин Н.Батзориг, Ж.Далайдорж, О.Дондов,
охидын ангилалд БТСДуС-ийн Д.Энхдангина, Налайх дүүргийн “SJ” клубын А.Даваажаргал мөнгө, “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа хүрэл,
залуучуудын ангилалд Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь алт, тус дүүргийн тамирчин Б.Энхзул, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул мөнгө, Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн боллоо.
Сонирхуулахад, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар дөрвөн жил дараалан энэ тэмцээнээс медаль хүртсэн бол Ө.Пүрэвсүрэн гурав, бусад нь анхны медалиа зүүжээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Япон, Канад, АНУ, Норвеги гэсэн таван орны 800 гаруй тамирчин өрсөлдсөн байна.