“Сэтгэлийн хүч” аян Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт үргэлжилж байна. Баянхонгор аймагт зохион байгуулагдсан уулзалтад 20 сумын 130 гаруй гишүүн оролцож, санал бодлоо хуваалцжээ. Нэр дэвшигч Т.Пүрэвхатан уулзалтын үеэр орон нутагт залуусын идэвх, оролцоо хангалтгүй байгааг дурдаад залууст хөрөнгө оруулснаар ядуурал ажилгүйдлыг бууруулах боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна
Орон нутагт айл өрх, хүүхэдтэй холбоотой тулгамдсан олон асуудал байгааг эмэгтэйчүүд хэлж байна. Тухайлбал, ажил олгогчид иргэдийг насаар нь ялгаварлаж, 40-өөс дээш насныханд ажил олдохгүй, орлогогүй байгаа нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг гэлээ. Энэ тухай нэр дэвшигч С.Одонтуяа “Хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлж, 40-өөс дээш насныхныг ажлын байраар хангасан албан байгууллагыг татвараас хөнгөлж, цалингийн урамшуулал олгох боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Ажилгүйдэл, ядуурлаас гадна орон нутагт байгаль орчны асуудал, малын бэлчээр, ундны усны асуудал тулгамдаад буйг Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүд хэлж байна. Говь-Алтай аймаг хөгжлийн индексээрээ сүүл мушгиж, уул уурхайн олборлолтоос болж байгалиа сүйтгэн, сэндийчиж байгааг орон нутгийн иргэд сануулж байгаа юм. Улмаар алт олборлогчдын хууль бус үйл ажиллагаанаас болж уух усгүй болоход тулжээ. Тиймээс ч хойч үедээ эх болсон байгаль, дэлхийгээ хэвээр нь өвлүүлэн үлдээхийг хүсч байгаагаа ээжүүд, эмэгтэйчүүд хэлж байна.
Эмэгтэйчүүдийн дэвшүүлж буй санал, санаачлагыг Ардчилсан намын дэргэдэх бодлогын зөвлөлд хүргүүлж, мөрийн хөтөлбөртөө тусган, ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллахаа нэр дэвшигчид илэрхийлсэн байна. Ардчилсан эмэгтэйчүүд өнөөдөр Завхан аймагт ажиллаж байгаа бөгөөд тэдний уулзалт Архангай аймагт үргэлжилнэ. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль ирэх сарын 1-нд өндөрлөж, 2-нд дүнгээ гаргана.