Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд БНХАУ-ын харьяат иргэн 21 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авчээ.
Тус аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн болон нутгийн иргэдтэй хамтран эрлийн ажлыг эхлүүлсэн байна. Аравдугаар сарын 29-ний өдөр нэмэлтээр Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 10 алба хаагч “Байц хадны хавцал” гэдэг газар 30 км-т, “Засаг-Уул” гэдэг газар 40 км-ийн тойрогт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Өнгөрсөн шөнө эрлийн ажлыг түр зогсоож, өнөөдөр 07:00 цагаас эрлийг дахин эхлүүлжээ.