Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал-4

2018 оны 10-р сарын 23 өдөр, 14 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
da1079a9440ac283great

Тэр нэг орой хэдэн өдөр халуун нар шатан, ямар ч бороогүй байснаа гэнэт бороо ихээр орж эхлэв. Нандин охинтойгоо хоёулхнаа бээвэгнэн хөнжилдөө хэвтэнэ. Орой унтахдаа галласан ч тэр нь аль хэдийн элч нь буурчээ. Нандин сэвэлзэн байн, байн цагаа харан хэвтэнэ. Яагаад ингэж оройтож байна аа. Уг нь өдийд ирэх болчихмоор юм. Бороо шороонд гайгүй л байгаа даа. Хэдий тэрээр ингэж бодсон ч цаанаа яагаад ч юм сэтгэл нь түгшинэ. Шөнө дунд 2 цаг орчимын үед нимгэн байшинг нэвт гэрэлтүүлэн машин ирж байгаа нь мэдэгдлээ. Нандин бушуухан босч цахилгаан зуухаа асаан цай тавьлаа. Гэтэл Ганхүү хаалгаа тас саван орж ирээд гутлаа тайлан хар цагаан дуугүй энүүгээр тэрүүгээр гартаа тааралдсанаа авч шидлэн гуйвлан алхана. Нандин гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр арай хэмээн бодохын сацуу ар нуруугаар нь хүйт даагаад ирлээ. Ганхүү хөлчүүрхэн амандаа нэгийг үглэнэ. Нандин хар шөнөөр хэрүүл хийгээд юу хийхэв хэмээн бодоод чимээгүйхэн уруулаа тас жимийн цай аягалж өгөөд хоолоо халуун зуухан дээр тавьтал Ганхүү хэрүүл өдөн
Ямар хоол хийсэн юм?
Будаатай шөл
Чи нэг бол будаатай шөл, эсвэл гурилтай шөл, нэг бол цуйван гээд өөр хоол мэддэгүй юмуу…
Байгаа юмандаа л хийсэн ш дээ. Хүнсгүй болж байна гэж би чамд хэлсэн б…
Тэгээд юу гэх гээд байгаа юм чи, би эр хүн мэдэв үү… эр хүн наад ажлыг чинь хийдэггүй юм. Хүүхэдтэйгээ өдөржин зүгээр хэвтэхээр мөнгө нь байгаа биз дээ өөрөө гараад авчихаж чадахгүй байна уу ???
Энэ хар усан борооноор би яаж гарахав дээ хөгшөөн. Хоолоо идчихээд унт хө. Миний найз нилээн муу байна. Яаж ийм байж машин барьж болдог юм бэ…
Чамд ямар хамаатай юм… чи муу… яаж чадаж байна хэмээн ширээ шаагаад босоод ирлээ. Нандин нүд нь эргэлдэн
Би яасан юм бэ. Чи яагаад ууж ирчихээд хүнд агсан тавиад байгаа юм
Чи яаснаа үнэхээр мэдэхгүй байна уу тэ, яах гэж намайг хуурч байгаа юм, би ер нь чамайг яасан ч яадаг юм… тэрээр нүд нь улаанаараа эргэлдэн, амнаас нь цагаан хөөс сахраад ирлээ. Нандин анх удаагаа ийм дүр хараад өөрийн эрхгүй айн уйлчихав. Ганхүү шөнөжин агсан тавин дөвчигнөж, дөвчигнөж үүр хаяарахын үест арайхийн унтлаа. Нандин охиноо аргадан уйлсаар л…
Тэр өдрөөс хойш Ганхүүгийн ааш авир шал өөр болж юм л бол Нандинг элдэвээр хэлэн, гар ч хүрч үзэв. Нандинд энэ бүхэн нь тэвчихийн аргагүй байлаа. Болдог бол яг одоо энэ бүхнийг орхиод явчихмаар ч юм шиг. Гэвч түүнд очих газар, хэлэх хүн байсангүй. Энэ л үест өмгөөлж хамгаалах ах, эгчгүй орь ганцаараадаа үнэнхүү гутарлаа. Ганхүүгийн урьдийн хайр, халамж ор мөргүй алга болж охиноо ч тоохоо болив. Нандин энэ бүхнийг шүд зуун тэвчсээр л. Тэр гэрт тэр хоёрыг гэх ганц хүн нь Галсан. Галсан л урьдын адил Сүрэнтэй тоглон, Нандинтай үг солино.
Ганхүү урд шөнө нь бас л баахан агсамнаж нүүр амыг нь хүн харахын аргагүй болгосон байв. Нандингийн арга нь барагдан түүнийг хайрладаг байсан бол айж, үзэн ядаж эхлэв. Тэрээр зөвхөн өөрөө өөртөө гомдоллон хувь заяагаа хараан сууна. Тэр өдрийн маргааш өдөр гэрийнх нь утас дуугараад автал хамт ажиллаж байсан Даваахүү эгч нь гэнэт утасдлаа. Нандин яагаад ч юм түүний дууг нь сонсоод өөрийн эрхгүй уйлчихав. Даваахүү хотод семенарт ирсэн тэгээд уулздаг юм билүү гээд залгасан гэв. Гэвч Нандинд гэрээсээ гарах ч эрх байсангүй. Даваахүү гайхан ямарч байсан гэрийнх нь хаягийг хэлүүлээд хэд хоногоос яръя хэмээгээд утсаа тавьлаа.
****
Даваахүү яагаад ч юм очиж л уулзахгүй бол хамгаалж, өмгөөлөх хүнгүй энэ охин хэцүүдэж байгаа юм байна хэмээн бодоод явахынхаа урд өдрийн орой шууд гэрт нь хүрээд оччихов.
Та нар арай ч дээ. Энэ охиныг хар л даа. Хүний нялх үрийг авч явчихаад ингэж хайрладаг юмуу. Наадах чинь өмөөрч хамгаалах хамт олон, найз нөхөдтэй хүн… гэтэл Цэвэлмаа тас шилбүүрдэн
Чи учрыг нь мэдэх юмуу. Харин ч бидэнд баярлах хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүний хүүхдийг бид чадлынхаа хирээр авч явж байна. Бид нар байгаагүй бол энэ охин нь өдийд амьд байх байсан ч юмуу үгүй ч юмуу. Хүн ер нь ийм л байдаг байхгүй юу. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж…
Би дуулсаан… тэгэхдээ өнөөдөр л дууллаа. Манай Нандин харин ч хаа очиж дандаа л сайхан байна, жаргалтай байна л гэдэг байсан. Арай ч дээ яахаараа хүүхдийг хоёрхон жил хүрэхгүй хугацаанд ийм болгодог байна аа. Та нар чинь араатан биш хүн юм байгаа биз дээ…
Тэгээд бид нар яачихаа вэ. Хүн бишдээ яасан гэж… өөрөөр яах байсан юм чи хэлдээ… Цэвэлмаа, Даваахүү хоёрын яриа улам хурцдаад ирэв. Нандин юм хэлмээр байвч ам нь татсан аятай зөвхөн хацар хорсгон нулимс урссаар… Галсан дуугүй сууж байснаа
Больцгоо… яг одоохон наад хэрүүлээ зогсоо. Наана чинь би гэж хүн өрхийн тэргүүн байгаа юм бишүү. Аль алинд нь буруу байгаа. Энэ хоёрын өмнөөс та нар амьдралыг нь зохицуулдаг ямар эрхтэй юм. Тэгээд ч наад бузартай хэрүүлдээ битгий нялх амьтныг хамруулаад бай… тэрээр үгээ хэлж дуусаагүй байтал хаалга хүчтэй балбах дуулдан Ганхүү ч ороод ирлээ. Ганхүү орилон: Хүүе чи хаана байна, өнөөдөр хаагуур явсан… эцсийн эцэст чи муу юу юм бэ… хэмээсээр орж ирэв. Нандин өөрийн мэдэлгүй ухасхийн Ганхүүрүү гүйн очтол цаадах нь элдвээр хэлэн түлхэж буй бололтой. Даваахүүгийн бүх тэвчээр нь барагдан шууд босон Сүрэнг тэврэн үүдэнд очин Нандинд
Яг одоо надтай яв, эднийхээс юу ч битгий ав. Чи ямар орох оронгүй, түших нөхөдгүй хүн үү… хая наадхаа би чамайг арай ч ингэж амьдарч байгаа гэж бодсонгүй… хэмээгээд гараас нь угз татав. Нандин хөтлөгдөн үүд зүглэтэл Ганхүү юу болж байгааг ойлгож ядан хэсэг манарч байснаа гэнэт ухаан орон
Нандиа чи ингээд явж болохгүй ш дээ. Би чамд хайртай… намайгаа уучил л даа… надад үнэхээр хэцүү байсан… чи минь ухаантай юм чинь ойлгоно… би чамгүйгээр амьдарч чадахгүй ш дээ…
Нандин түүний үгийг сонсч байснаа эргээд өрөөрүүгээ явав. Бүгд түүнийг гайхан ширтэнэ. Даваахүү үг хэлэх гэснээ юу ч болов харзная хэмээн хүлээв. Нандин өрөөндөө орон өөрийн гэх энд ирэхдээ авч ирсэн жаахан юмаа бөөгнүүлэн гарч ирээд
Та хоёртоо үнэхээр их баярлалаа. Охин бид хоёрыг өдий зэрэгтэй авч явсанд. Намайг уучлаарай би их муу хүн, та хоёрыгоо зовоож байсан бол уучлаарай хэмээгээд Ганхүүрүү эргэн: Одоо оройтсоон, бүх юм аль хэдий нь дууссан. Надад хайртай чинь үнэн юм бол намайг зүгээр л мөрөөр минь тайван орхичих. Энэ миний чамаас хүсэх сүүлчийн хүсэлт хэмээгээд уртаар амьсгаа аван гэрээ тойруулж нэг харчихаад санаа алдан Даваахүүд хандан за явах уу даа гурвуулаа хэмээгээд түрүүлэн гарлаа.
****
Нандин нэгэнтээ санаа алдсанаа охиноо очин үнсээд цаг харвал хэдийнээ шөнийн 03 цаг өнгөрсөн харагдав. Тэрээр өнгөрсөн бүхнээ таягдан хаяж ирээдүйнхээ сайхныг мөрөөдөхөөр орондоо орон хэвттэл Сүрэн яраглаж байснаа ээжийнхээ мөөмнөөс барин цээжинд нь хошуугаа наагаад, хөлөө ачин шахан хэвтлээ. Нандин охиноо өхөөрдөнгүй хараад нүдээ аниад хэвтсэн ч нэг л мэдэхнээ бодолдоо эргэн орчихов.
Даваахүү Нандинд зам зуурт нь их биш ч гэлээ хэдхэн жинтэй үг хэлээд авав. Нандин юу бодож байгаа нь мэдэгдэхгүй цонхоор харан уйлан явтал Даваахүү охиныг нь тэврэн сууж байснаа
За Нандин минь хүнээ үхүүлсэн биш юундаа уйлдаг юм. Ганхүү одоо уучлал гуйж байгаа ч хүний сэтгэлд нэг л орсон бол хэзээ нэгэн цагт тэр нь илэрч л таараа. Чи охин хүүхэдтэй хүн одоо үрийнхээ төлөө амьдрана шүү. Элдэвийг бодолгүй наад сэтгэл санаагаа цэгцэл. Эгч нь хэцүү байгааг чинь ойлгож байна аа. Одоо хэн хэнийг нь буруутгаад яахав. Нэгэнт болоод өнгөрсөн юмыг. Эргэж харж өнгөрсөнтэйгээ зууралдаж түүндээ чаргууцалдаад байвал чи хэзээ ч урагш алхаж чадахгүй шүү. Харин одоо алдаагаа давтахгүйн тулд гишгэх газраа сайн харж байж бодолтой гишгэнээ хө. Яахав цаад нэг юм чинь үнэхээр ойлгоод буцаж ирээд энд та хоёртойгоо хамт байна аа гэвэл тэр үед нь нэг бодно биз. Гэхдээ л эрэгтэй хүн чинь нэг л гар хүрчихээрээ тэгээд хүрчих гээд байдаг юм шүү дээ. Миний дүү юундаа санаа зовдог юм. Хүмүүс хэсэгтээ л ярих юмтай болно биз. Тэр бүхнийг даван туулаад л гар. Одоо чи ганцаараа биш, энд бүхэл бүтэн нэг хүний амьдрал хувь заяаг чи шийдэх гэж байна. Одоо уйлахаа болио чамайг хямраад байвал охин чинь дагаад өвчин ороогоод салахгүй шүү. Тэр Болд оо… хэмээснээ үгээ таслан, за эгч нь хажууд нь баахан үглэчихлээ. Тэгэхдээ одоо амьдралд жаахан ухаалаг байж сөрж амьдарнаа дүү минь. Чи минь өнчрөл хэмээх хамгийн хэцүү зовлонг даагаад явж байгаа хүн энэ зэргийн юм бол юу ч биш. Сэтгэлээ хатамжилж хүчтэй байна шүү гээд духан дээр нь үнслээ.
Нандин очоод уучлал гуйн байрандаа буцаж орохоор болов. Түрээслэгчид өөр байр олох гурван хоногийн хугацаанд тэрээр Даваахүүгийнд амьдарлаа. Хүмүүс л болсон хойно элдвээр ярин зарим нь асуухад нөхрөө гадагшаа явсан хэмээн худлаа хэлж байв.
Байрандаа нүүж орсоны шөнө Сүрэн дахиад л халуураад шөнөжингөө уйлагнаад унтуулсангүй. Маргааш нь эмнэлэг цуглангуут охиноо аван гарлаа. Бүх шинжилгээний бичиг, хийлгэж байсан эмчилгээг нь барьсаар яана даа хэмээн сэтгэл нь түгшин сууна. Гэтэл харин Сүрэнг хатгаа авчихсан байна яаралтай эмчилгээнд ор хэмээн хэвтүүлчихэв. Тэрээр өглөө сандран ямарч бэлтгэлгүй гараад ирчихсэн болхоор охиноо хэнд түр үлдээх вэ, гэрээс өөрөө юмаа бэлдэж ирэхгүй бол болохгүй хэмээн ацан шалаанд орсон яг л энэ үед маш ихээр ганцаардаж байгаагаа мэдрэн дотроо хий л бухимдан нулимсаа барин явлаа. Ашгүй өрөөний хүүхэн зөвшөөрхөд охиноо түүнд захичихаад хурдхан шиг хариад ирэхээр гүйхээрээ гартал гарах үүдэнд нэг хүүхэнтэй санамсаргүй мөргөлдчихөв. Нандин уучлал гуйн явах гэтэл хойноос нь нөгөө хүүхэн
Чи ямар сонин хүүхэн бэ. Наад урдах замаа харж явахад яадаг юм, жирэмсэн хүүхний гэдэс хагалахчаан аядлаа гэтэл Нандин
Ээ харлаа, ёстой уучлаарай, гайгүй биз дээ хө… би харин охин хэвтчихээд яараад гэснээ өөдөөсөө ирж яваа хүнийг хармагцаа ам нь гацан юу ч хэлж чадалгүй нүдэндээ итгэж ядан зогсов. Нөгөө хүүхэн нөхрөө харан улам ямбалан
Энэ нэг солиотой хүүхэн хүүхэд гаргах дөхлөө… хэмээн ганцаараа хэсэг ярьсанаа нөгөө хоёрыг харан хүүе хэмээн Болдыг ханцуйнаас нь угзчив.
Нандин Болд хоёр бие биеэ хараад хэсэг юу билээ гэсэн шиг гайхан зогслоо. Тэрээр яг л одоо энэ дотроо овоорч байгаа бухимдлаа бүгдийг нь гаргачихмаар байсан ч, хүүхэд өвчтэй дээрээс нь эхнэртэйгээ явж байгааг нь мэдээд амаа хамхин уруулаа тас жимийн зогслоо. Яагаад ч юм түүнд одоо болтол энэ бүхний буруутан нь ганцхан Болд л юм шиг санагдаад байсныг сая харц тулгарсан нэгхэн хоромд мэдлээ. Болд түрүүлэн ам нээн
Сайн байна уу, хэзээ ирэв хө, ямар сонин хүн бэ? хэмээн хоолойгоо бага зэрэг чичирсхийлгэн асуувал Нандин
Сайн, сайн байна уу, уучлаарай яарч байна хэмээн арайхийн хэлээд бушуухан тэр хоёроос холдон гүйхээрээ явлаа. Нандин яаж гэртээ харьсан, юу бэлдэж хэрхэн буцан эмнэлэг дээр ирсэнээ ч мэдсэнгүй нэг л мэдэхэд охиноо хөхүүлэн сууж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх