Нийслэл хотод 560 мянган тээврийн хэрэгсэл байдгаас өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээр тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн замын хөдөлгөөнийг зохицуулахад өдөрт 300 гаруй алба хаагч ажилладаг. Тиймээс ямар нэг осол гэмт гарах үед цагдаагийн алба хаагч очих хүртэл иргэд хоорондоо маргахаас эхлээд олон асуудал үүсдэг. Тэгвэл зам хөдөлгөөний осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр дор нь илгээж, асуудлыг газар дээр нь шийддэг “E Police” аппликейшн энэ сарын 1-ээс ашиглалтад орж, эхлээд байна.
Цагдаагийн байгууллага иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг бичгээр, амаар, цахим орчинд хүлээн авч шийдвэрлэдэг. Ялангуяа Тээврийн цагдаагийн алба сүүлийн үед иргэдээс замын хөдөлгөөний дүрэм, бусад хууль тогтоомж мөрдөхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ, фэйсбүүк хуудсаар авч, шалгаж шийдвэрлэж байгаа аж. Энэ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох үүднээс Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “E Police” аппликейшнийг гаргасан байна.