Eрөнхий сайд тус сумын “Их шинэстэй” ХХК-ийн тариалангийн талбайтай танилцсан юм. 1997 оноос одоог хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 20 жилийн түүхтэй ХАА-н ууган компанийг Монгол Улсын гавьяат механикжуулагч С.Ганболд үүсгэн байгуулжээ. Өнөөдрийг хүртэл тариалалтаа эрхлэн яваа тэрбээр Монголд анх удаа төслийн нэгжтэй хамтран элдэншүүлэггүй уринш бэлдэх технологийг нэвтрүүлэн тогтвортой ургац авч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн байн. 6000 гаруй га эргэлтийн талбайтай, жилд 2500-3000 га-д улаан буудай тариалж 2000 гаран га-д уринш бэлтгэдэг. Мөн үүнээс гадна иж бүрэн засварын газар, 2000 тн-н хүчин чадалтай үр цэвэрлэгээний механикжсан үтрэмтэй хэмээн С.Ганболд гуай Eрөнхий сайдад танилцуулж байлаа. Тэрбээр байгаль цаг уурын хүчин зүйлтэй тариаланчид байнга тулгарч, нөр их хөдөлмөрөөр даван туулдаг ч тариалангийн талбайг малын хөлөөр сүйтгэж байгаа нь маш их хүндрэл болж буйг учирлаж байв.
Тариалангийн бүс нутгаас бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлаж, мал бүхий иргэдтэйгээ богино хугацаанд зохицон шийдлээ олж, эрчимжсэн мал ахуйд шилжих шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байв.
Eрөнхий сайдын дараагийн ажилласан Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь “Арвин бэлчир” ХХК-ийн тухайд үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл явуулдаг.2008 онд 288 га талбайтай, 2 трактор, 1 вагончиктой, 7 ажилтантай эхэлсэн тус компани үйл ажиллагаа, улам өргөжин тэлж эргэлтийн талбай 1754.16 га, газар тариалангийн үйл ажиллагаа бүрэн механикжсан, зөөврийн засварын цех, явуулын цайны газар, ажилчидын тохилог байртай ХАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн томоохон аж ахуй болж бэхжсэн талаар тус компанийн захирал ярьж байв. Энэ онд 1200 га талбайд “Алтайский-75 сортын” улаанбуудай, 30 га-д төмс, 50 га-д овьёос тус тус тариалжээ. Үрийн чанарыг сайжруулах зорилгоор Герман улсын ПОЛО сортын үрийг авчирч бүрэн шинэчилжээ.