Энэ оны эхний есөн сарын байдлаар, орон сууцны ипотекийн зээлийн хөрөнгөд Монголбанкнаас143 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 60 тэрбум төгрөг, нийт 203 тэрбум төгрөгийг гаргаж 2724 иргэнд олгоод байна. Цаашид зээлийн шинэ журмыг боловсруулан урьдчилгааг 25 хувь болгон бууруулахаар ажиллаж байна.
Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдэгдэхдээ, “Ипотекийн зээлийн журмын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, одоо Сангийн яаманд танилцуулж байна. Журмыг нэгд, зээлийн урьдчилгааг 25 хувь болгох тал дээр шинэчилсэн.Энэ саналыг Засгийн газраас дэмжиж байгаа. Гэхдээ мөнгөтэй холбоотой болохоор үүнийг ОУВС-тай зохицох шаардлагатай байгаа бөгөөд энэ тал дээр тохиролцож байна. Хоёрт, журмыг ипотекийн зээлийг анх удаа авсан болон гэр хорооллын иргэдэд юуны түрүү олгоё гэдэг байдлаар шинэчилж байгаа юм. Мөн арилжааны банкууд хамтран ажиллагч ААН-үүдийн дагуу зээл олгож байна гэсэн байдлыг зохицуулах заалтыг журманд оруулж өгсөн” гэв.
Ипотекийн зээлийг өнөөдөр манай улсад улсын төсвийн хөрөнгө, зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудын өөрсдийн хөрөнгө гэсэн 3 эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд улсын төсвийн хувьд 120 тэрбум төгрөг суулгаж өгснөөс 60 тэрбумыг олгоод байна. Зээлийн эргэн төлөлтийн хувьд энэ оны 8 дугаар сарын байдлаар 140 тэрбум төгрөг олгоод байна. Банкуудын өөрийн хөрөнгийн тухайд 250 тэрбум төгрөг гаргаад байгаа мэдээтэйгээр ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна.