УИХ-ын чуулганы хурлаар ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлж 90,8 хувийн саналаар дэмжсэн. Тэрээр УИХ-ын чуулганы хурлын дараа ЗТХЯ-нд ирж ажлаа хүлээж авлаа. ЗТХ-ийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм.
МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад ЗТХ-ийн сайдаар туршлагатай, чадварлаг хүн томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр салбарын хууль эрх зүйн хувьд шийдэх тулгамдсан асуудлууд нэлээд цэгцэрсэн гэж үзэж байна. Ойрын үед хийгдэх гол ажил маань 2019 оны төсөв, 2018 оны гүйцэтгэл үр дүнгийн ажлууд байгаа. Салбарынхаа хамт олонтой гар сэтгэл нийлж улс орны болон салбарын өмнө тулгамдсан олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Салбарын хамт олон маань шинэ сайдыгаа дэмжиж гар нийлэн хамтран ажиллаарай хэмээн Я.Содбаатар сайдад амжилт хүсэж баяр хүргэлээ.
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа газрын дарга нарыг танилцуулж, шинэ сайддаа амжилт хүслээ. Мөн өнгөрсөн хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Шадар сайд Ө.Энхтүвшинд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүссэн юм.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар тамга тэмдэг, салбарын бодлогын бичиг баримт, 2019 оны төсвийн задаргаа бүхий хавтаст материалыг хүлээж авсаныхаа дараа салбарын удирдлагуудад хандан ”ЗТХЯ-ны хувьд салбарын хүрээнд шийдлээ хүлээсэн ойрын болон хэтийн олон ажлууд бий. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана. Та бүхнийг салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууддаа эзэн нь болж хамтарч ажиллахыг хүсье” хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Янгугийн Содбаатарын товч танилцуулга:
- 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
- 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
- АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
- 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
- 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
- 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
- 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр
- 2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байна.