Ахмадуудынхаа хийж бүтээсэн, өвлүүлэн үлдээсэн цадиг түүхээр чиг мөрөө болгож бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлэн Налайх дүүргийнхээ Ахмадын байгууллагын 30 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтлаа.
Тэртээх 1988 оны 04 сарын 29-ний өдөр тухайн үед бүртгэлтэй байсан 1330 гаруй ахмадыг төлөөлсөн 141 төлөөлөгч хуралдан Налайх дүүргийн ахмадын хороог байгуулж анхны даргаар тухайн үеийн намын хорооны ажилтан Мягмаржавыг, нарийн бичгийн даргаар Батцэнгэлийг тус тус сонгож баталж байсан түүхтэй ажээ.
30 жилийн баялаг түүхтэй ахмадын хороо өдгөө 3700 гаруй ахмадуудыг эгнээндээ нэгтгэн ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төрөөс ахмадын талаар явуулах бодлогыг дүүргийн ахмад настны хүрээнд хэрэгжүүлж, ахмадуудын эрх, ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлж хамгаалах эрхэм зорилгын дор бодлого үйл ажиллагаагаа ахмад настнууд руу чиглүүлэн ажиллаж байна.
Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ой, олон улсын ахмадын өдөрт зориулсан баярын үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газраас Ахмадын хороотой хамтран 2018 оны 09 сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил нарын албаны зочид төлөөлөгчид оролцож, ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
2016- 2018 онуудад 3 жилийн хугацаанд цагаан сар, Олон улсын ахмадын баяр, Наурызын баярыг тохиолдуулан давхардсан тоогоор харьяалалгүй 5500 гаруй ахмад настныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
Мөн байнгын асаргаатай болон ганц бие ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн даатгал, банкны үйлчилгээг гэрээр хүргэдэг болж, Монгол улсад анхдагч үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ой, олон улсын ахмадын өдрийг угтан зохион байгуулсан нэг том ажил бол олон жил ашиглагдаагүй байсан Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ахмадын сувилалын үйл ажиллагааг нь эхлүүлсэн явдал юм. Ахмадын сувилалдаа нийт 9 ээлжээр 300 гаруй ахмад настныг хүлээн авч, сувилжээ.
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ахмад настны амралт сувиллын үйлчилгээний хүртээмж нэг дахин, Ахмад настны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн дэмжлэг нэг дахин, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний хамруулах ахмадын тоо 3 дахин нэмэгдэж, шинээр насны хишгийг 65-аас дээш насны ахмадуудад олгосон байна.
Налайх дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ой, олон улсын ахмадын өдөрт зориулсан баярын үйл ажиллагааны үеэр шагналын хур бууж, төр засгийн олон хүндэт шагнал эзэддээ очсон юм.
Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Аюушийн Цэрэн шагнагдаж, шагналаа дүүргийн удирдлагаасаа гардан авсан бол, нийслэл, дүүргийн болон Ахмадын хорооны хүндэт шагналаар олон ахмадууд шагнагдлаа.
Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ахмадууддаа урлаг, уран бүтээлийн дээжээсээ бэлэг барьсан юм.
Ийнхүү улсынхаа нийслэлийг илч гэрлээр түгээж ирсэн уурхайчдын өлгий нутгийнхаа өнөөдрийн бахдам түүхийг бүтээсэн ахмадууд, буянт буурлууд маань Ахмадын хорооныхоо 30 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.