“Дүрэм зөрчсөн жолоочид торгууль ногдуулахад ашиглах “E-Police” аппликэшнийг 10 сарын 1-н гэхэд PlayStore, AppStore-т байршуулна“

2018 оны 09-р сарын 27 өдөр, 10 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hvrrj
 Аравдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийн мэдээллийн дагуу замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд торгууль оноохоор болсон. Ингэхдээ иргэд зөрчлийн мэдээллээ “E-Police” аппликэшн ашиглан холбогдох албаныханд хүргэх юм байна.

Аппликэшний талаар Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн дарга Д.Одбаяраас тодруулсан юм.

-Ирэх сарын 1-нээс “E-Police” аппликэшн хэрэгжиж эхэлнэ гэсэн. Уг аппликэшнийг ашигласнаа ямар үр дүн гарна гэж тооцоолж байгаа вэ? 

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогсох шугам, уулзвар гарц хаах,  уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, байрлал буруу эзлэх, гэрэл дохио зөрчих гээд замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Дүрмээ дагаагүйн улмаас эргээд түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бий болгож байна.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчилтийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЗХУТ, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликэшнийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

“E-Police” аппликэшн нь замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох програм юм. Уг програм хангамжийг нэвтрүүлснээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дүрэм зөрчилт буурах, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах, зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл буурах, зөрчилд тавих иргэдийн оролцоо хяналт нэмэгдэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн тооцож байна.

-“E-Police” аппликэшнийг хэрэглэхэд хэр ойлгомжтой, хялбар вэ? 

-Хэрэглэгчдэд маш хялбар, аль болох үйлдэл багатай байхаар тооцоолж хөгжүүлэлтийг хийсэн.

“E-Police” аппликэшнийг андройд болон iOS утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийснээр та шууд ашиглах боломжтой. Одоогоор аппликэшнийг тестлэх ажил хийгдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 1-н гэхэд PlayStore, AppStore-т байршсан байна.

“Дүрэм зөрчсөн жолоочид торгууль ногдуулахад ашиглах “E-Police” аппликэшнийг 10 сарын 1-н гэхэд PlayStore, AppStore-т байршуулна“ Arslan.mn

Та зөрчлийг гар утас, ухаалаг төхөөрөмж дээрх аппликэшнаа ашиглан маш энгийн гурван үйлдлээр  илгээнэ. Холбогдох алба хаагчид зөрчлийг шалгаад хэрхэн шийдвэрлэснээ зурган хэлбэрээр танд эргэн мэдэгдэнэ.  Өөрөөр хэлбэл зөрчлийн шийдвэрлэлтийг та өөрөө хянах боломжтой гэсэн үг. Мэдээж явцын дунд цаашаа хөгжүүлэлт хийгээд сайжруулаад явах төдийгүй энэ салбартай холбоотой мэдээ мэдээллийг хэрэглэгчиддээ түгээх том суваг болгоод хөгжүүлээд явах болно.

-Зураг засдаг програмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь өөрчлөх, засварласан зураг явуулсан үгүй эсэхийг хэрхэн таних вэ? 

-Засварласан зураг явуулах ямар ч боломжгүй. Учир нь “E-Police” аппликэшн маань upload буюу зураг оруулах боломжгүй яг тухайн мөчид авсан зургаа л шууд илгээх юм. Нэмж хэлэхэд ирсэн зураг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, улсын дугаар марк нь таарч байгаа эсэх, зөрчил дээрх зураг байршил, цаг хугацаа, орон зай таарч байна уу гээд шаардлагатай олон зүйлсийг тооцож, гарцаагүй баримтаар торгууль шийтгэвэр эзэндээ очно. Түүнээс хаа хамаагүй зөв буруу дээшээ доошоо ирсэн бүх зурган мэдээлэлд торгууль явуулна гэсэн үг биш.

Түүнчлэн жолооч нартаа сануулж хэлэхэд жолоо барьж явах үедээ гар оролцоотой гар утас төхөөрөмж ашиглах хориотой буюу жолооч  өөрөө хөдөлгөөнд оролцож явах үедээ зураг дараад явж болохгүй.

-Зарим иргэдийн зүгээс торгохоо урьтал болголоо, матаачдыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэлүүд гарч байна?

-Ерөөсөө энгийн ойлголт шүү дээ. Зөрчихгүй бол Та торгуулахгүй.  Харин  ч их хотын иргэд дэг журам, хотын соёл, сахилга бат, хэм хэмжээ, хууль, журмандаа захирагддаг байх ёстой. Тиймээс иргэд маань мэдээллийн технологийн ололт амжилтыг амьдралдаа ухаалгаар ашиглаж, эерэгээр хүлээн авч дэмжинэ гэдэгт найдаж байна.

Дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавьж хариуцлага тооцдог байх нь шудрага зарчим.

Нийслэлийн засаг даргын чиг шугам болгон дэвшүүлсэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтонд ч энэ үйл ажиллагаа маань уялдаатай явна. Зам дээр гараад дүрэм зөрчиж урдуур хойгуур орсон нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог байж болохгүй шүү дээ. Иргэд, жолооч нар маань үүнд их бухимддаг. Тиймээс замын хөдөлгөөнд бусдыгаа хүндэтгэн дүрмээ даган, дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавьж хариуцлага тооцдог байх нь шудрага зарчим юм.

-Цаашид ачааллыг бууруулахтай холбоотой хийгдэх програм хангамж, ажлууд юу байх бол?

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлээс олон ажлууд хийгдээд явж байгаа. Бүтээн байгуулалтуудын ажлаас гадна богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг мөн судалж байна. Манайх шиг хүн амтай гадны хотуудад амжилттай хэрэгжсэн шийдэл, үйлчилгээнүүдийг судалж үзэхэд ухаалаг сисметийг ашиглаж, хэвшил болгож чадсанаар эерэг үр үзүүлэлтүүдийг гаргасан нь харагдсан.

Тухайлбал, манайд нэг хороолол, нэг байшингаас нэг зүгт ажилдаа ирж буцдаг, нэг сургуульд хүүхдээ хүргэж өгдөг иргэд цаг мөнгөө хэмнэн машинаа хамтран эзэмших, ээлжлэн хүргэдэг системтэй болох. Зам дээр гар өргөөд биш гар утасны аппликэшнаа ашиглан хамгийн ойр такси, хувийн машины дуудлагын үйлчилгээ, түрээсийн унадаг дугуйн гээд олон хэрэгтэй үйлчилгээгээ аппликэшн ашиглан авчихдаг байх тийм л нөхцөлүүдийг бий болгох шаардлагатай байна.

Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хамтран гаргасан SmartCar системтэйгээ дээрх үйлчилгээг уялдуулж, цогц шийдэхээр төлөвлөж байгаа.

Мэдээж төрийн байгууллага бүхнийг гардаж хийх гэхээсээ илүү энэ салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ хийсэн тодорхой програм хангамж хөгжүүлж байгаа компаниудтай төр-хувийн хэвшлийн түншлэлийн  хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

– Баярлалаа. Мэдээллийг бодит эх сурвалжаас уншигчддаа хүргэж байгаа танд болон танай хамт олонд ч бас талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: IKON.MN

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх