Олон улсын “Эм зүйн холбоо” 1912 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсэн байгуулагджээ. Энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг болсон. Манай улс 2015 оноос эхлэн Дэлхийн эм зүйчдийн өдрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагууд хамтран “Эм зүйч бид таны төлөө” уриатайгаар тэмдэглэж ирсэн байна.
Энэхүү тэмдэглэлт өдөр төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, эм зүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эм зүйчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар олон нийтэд мэдээлэл өгч сурталчлах зэрэг арга хэмжээг зохион байгуулан 2018 онд “Эм зүйч бид таны эмийн мэргэжилтэн, шинжээч” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд Эм зүйн салбарын хувийн хэвшлийн байгууллагын эмийн мэргэжлтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи бүхий эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй, эм, эмнэлгийн хэрэгслийг хүртээмжтэй ханган нийлүүлж, эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Монгол улсын эм хангамжийн салбарт одоогийн байдлаар шинжлэх ухааны академик болон олон улсын байгууллага, төр хувийн хэвшлийн эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, үндэсний үйлдвэр, эмийн санд 4000 гаруй эм зүйч, эм найруулагч ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт давхардсан тоогоор 200 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүний ханган нийлүүлэх байгууллага, 1000 гаруй эмийн сан түүнээс нийслэлд төр хувийн хэвшлийн төв болон төрөлжсөн нарийн мэрэгжлийн эмнэлэгүүдэд, орон нутгийн 21 аймаг, 300 гаруй суманд эмнэлгийн болон эргэлтийн эмийн сан тус тус ажиллаж байна. Мөн үндэсний 46 эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт, ариутгал халдваргүйтгэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр ажиллаж байна. Эм зүйн салбарын үйл ажиллагаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Эм зүйн бүтэц, зохион байгуулалтын 10 орчим улсын стандарт, Эрүүл мэндийн сайдын 50 гаруй тушаал, бусад холбогдох хууль тогтоомж мөрдөгдөж байна.
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан эмийн зохицуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эм зүйн салбарын ил тод, хариуцлагатай байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал байна.
Эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл, хүний нөөцийг бэлтгэх, эмийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанаас эхлэн эцсийн хэрэглэгчид очих хүртэлх эмийн чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамарсан цогц мэдээллийн систем бий болгох зорилгоор “Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоо”-г нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эм зүйн мэргэжилтний бүтээсэн ажил үйлсийг нийгэмд зөв таниулах, эм хангамжийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөх, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Хүн амд эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.