Ойрын өдрүүдэд улирлын шилжилт бас байрны халаалт хүлээх хэдэн хоногт томуугийн жижиг дэгдэлт гараад авлаа. Хүүхдүүд төдийгүй томчууд бидний ч нус гоожиж ханиалгаж халуурах маягтай байна. Ингээд зөвлөгөө орууллаа.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудын талаар таньд хүргье.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
-Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
-Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа тогтмол хэрэглэх
-Cодтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
-Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд маск зүүх, шаардлагатай бол тусгаарлах
-Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
-Амны хаалт байнга зүүж хэвших
-Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
-Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
-Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
МУ-ын Хүний гавъяат эмч
М.Чимгээ