Сошиал ертөнцийн баатар болсон Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Ц.Цогзолмаа сайд нарын нэгэн эвлүүлэг зураг түгэх болов. Олны хүртээл болж буй зургийн хувьд нийгмийг цочроох зүйл алга. Гэхдээ яг тухайн зураг дээрх шиг зүйлийг хэлсэн үү гэдэг таамаг төдий байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “Багш нарын цалинг нэг ч төгрөгөөр нэмэхгүй. Шаардлагатай гэж үзвэл ажил хаясан бүх багшийг ажлаас нь хал” хэмээсэн гэх. Харин салбар хариуцсан сайд Ц.Цогзолмаа “Ажилгүй багш нар маш олон байгаа. Ажлаа хийхгүй хаяад байгаа хүмүүсийн оронд авчихна шүү” гэж хэлсэн гээд байгаа. Яг үнэн бодит зүйл үү гэдэг л анхаарал татна. Үнэхээр ингэж хэлсэн юм бол хэрэгжүүлэх хэрэгтэй биз. Өнөөдрийг хүртэл сургууль цэцэрлэгтээ явж чадахгүй, цоожтой хаалганы цаана суугаа, юу хийхээ мэдэхгүй гудамж метрлэх ахлах ангийнхны төлөө зоригтой шийдвэр гаргахын тулд шүү дээ. Хүүхдийн эрх ашгийг хохироож, аюулт нөхцөл рүү түлхэж буй багш хүн та хүлээсэн хариуцлагаа чадварлагаар л гүйцэтгэх ёстой. Гэтэл өгч байгаа цалин чинь шог байна аа гээд л гоншигонон сурагчдынхаа эрх ашгийг уландаа дэвсэлсээр. Бага насны хүүхэд зам тээврийн ослоор амиа алдах, хүчирхийлүүлсэн, сургууль дээрээ амь насаа алдсан гээд олон асуудал гардаг. Тэр болгонд багш нар ямар анхаарал хандуулав гэдэг сонин. Өнөөдөр цалин нэм гэж солиоролд автахын оронд хүүхдүүдийн сурах таатай, тохилог орчинг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйн хүрээнд олгогдсон эрхийг нь дээдлэн, хүнлэг байхад сурган, ирээдүйн чадварлдаг боловсон хүчин болгоход анхаармаарсан. Даан ч хар амиа л хоохойлохоос өөр юм тэдний толгойд алга.
Хүүхдүүдийн эрх ашиг хохирч байна гээд ярихаар бидний цалин чухал гэх юм. МҮЭХ сүүлийн дөрвөн жилийн турш цалин нэмээгүй гээд л дуу алдах жишээтэй. Тэгвэл энэ засаглалын үед цалингаа нэмүүлээд эхэлж байна. Одоо тэгээд яах гээд байгаа юм бэ.
Уг нь, түмний хүүхдийг эрдэм боловсролтой болгохын төлөө багш хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэн байлтай. Эсвэл цалин хөлс бодож эзэмшсэн хэрэг үү. Хэзээнээсээ л багш нарын цалин хангамж тааруу байсаар ирсэн. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл өнөөдөр ийнхүү ярих нь ямар учир байна. Мөн аль нэг улс төрийн хүчний гар хөл болон явааг эх сурвалжууд дуулгасаар байгаа. Энэ байж болох зүйл гэж үү. Хүүхдийн сурах мэдэх эрхэнд халдаж, хөгжилд дагуулах боловсон хүчингүй болгох тэрхүү атгаг санааг агуулсан хэсэгт үйлчилж байх гэж. Бор шувууны жиргээнээс АН болон МАХН-ын санхүүжүүлэн хийлгэж байгаа ажил гэх. Үндсэн ирэх сонгуулийг угтсан хар пиар ажиллагаа нь эхэлсэн нь энэ биз ээ. Сонгуулиас өмнө Засгийг нь дахин нэг тонгорч, нам дотор нь сайтар бужигнуулчихвал гэсэн бодол улс төрийн хүчнүүдэд байгаа нь лавтай. Тиймээс л өөрсдийн эрх ашгийг өндөрт тавьж, хөөрхий хүүхэд багачуудыг золиослон, багш нараар бамбай хийж, ард нь ашигтай байрлал эзлэх санаа агуулан сууж эхэлсэн бололтой.
Улс төрийн тогооноос үүдэлтэй үйлдлийн золиос болсон хүүхдийн эрх ашгийг хамгаалах нэгнийг хог новш мэтээр үзэх. Томчууд, багш нар өөрсдийн эрх ашгийг мэддэг хэрнээ, ирээдүйн том эрхийг юунд зөрчинө вэ. Монгол Улсын маргааш харанхуй байвал төрд зайдлахыг санаархах тэр хэсэгт л ашигтай. Иргэд мэдлэг, боловсролгүй байх нь эрх мэдэлтнүүдэд л ашигтай тусна гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан.
Ямартай ч дээрх зурагт байх үгс үнэн бол хийж хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэдгийг хэн хүнгүй хэлнэ. Төрийн сургуулийн цалин багадаад байгаа бол хувийнхад ажиллах хэрэгтэй. Ажил хаячихаад, цалин авна гэх багш та бүхэн зүгээр суугаад мөнгө нэхэх эрхтэй юу. Хэн нэгний эрх ашгийг хөсөрдүүлж, шал шавхайнд хутган зөвхөн өөрсдийгөө бодох ажил хаягч нар хусмаа голсон хүүхэд шиг аашлахаа л больчих. Төр боломжоороо нэмлээ, дахиад ч нэмэх асуудал бий гэсэн. Таалагдахгүй байгаа бол танд сонголт бий, мэргэжилтэй боловсон хүчин ажилгүйчүүдийн эгнээнд олон байна.
Төр төмөр нүүртэй л гэдэг. Магадгүй харуулах цаг нь болсон мэт. Хүүхдийн эрхийг хааж, түүгээр шантаажлах багш нэртэнгүүд заавал төрийн сургуульд түмний хүүхдүүдэд хичээл заах хэрэг байна уу.