Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

2018 оны 09-р сарын 10 өдөр, 14 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
OTGO1254-1

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээлснээр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгын хүрээнд хэлмэгдэгчийн намтрын 40 гаруй судалгааны ном товхимол, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” баримт бичгийн эмхэтгэл зэрэг 20 боть ном, 30,378 хэлмэгдэгчийн мэдээллийг багтаасан”Цагаан ном”-ын 1-4 ботийг хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ болох 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, харин амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож нийт 357 иргэнд 3.3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламж олгожээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх