Өнөөдөр буюу 2018.9.7-нд өглөөний 11 цагаас эхлэн цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлага, Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийнхэн уулзсан билээ. Тус уулзалтын үр дүнд Засгийн газар ҮЭ-ийн байгууллага цалин нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрийг судлах хамтарсан ажлын хэсэг гарахаар болжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны 257 дугаар тушаалаар багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлэх болон 2019 онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийж боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилд нь оруулахаар болжээ. Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-гийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооын дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан байна. Ийнхүү тэд өнөөдөр өглөө 11 цагт БСШУС-ын яаманд ажлаа эхлүүллээ.
Цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхэллээ
2018 оны 09-р сарын 07 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )