Хотын дарга эмнэлгүүдийн зам, талбайн тохижилтын ажилтай танилцаж, ӨЭМТ-үүдэд тоног төхөөрөмж гардууллаа

2018 оны 09-р сарын 07 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6_20180906055233

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулатори болон “Амгалан” амаржих газрын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцлаа. Уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дагуу 2017 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн. Тэгвэл энэ онд нийт зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдэж буй бөгөөд өдгөө “Амгалан” амаржих газар, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулаторийн гадна зам, талбайг тохижуулан, өнөөдөр хүлээлгэж өгч байна. Мөн цаашид ЭХЭМҮТ, ХӨСҮТ, “Өргөө” амаржих газрын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулан хүлээлгэж өгөх юм.

Эмнэлгийн байгууллагын гадна талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн нийслэлийн 142 ӨЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд төлөөлөл болгон өнөөдөр БЗД-ийн 3 дугаар хорооны “Эмнэхүй” ӨЭМТ, СБД-ийн 5 дугаар хорооны “Түвшин хүч” ӨЭМТ-д ургийн монитор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх отсос, судас тодруулагч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулж өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ онд нийт зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдээд байна. Өнөөдөр гурван эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажил дуусч хүлээж авлаа. Ирэх 2019 онд Налайх, Багануур, Багахангай зэрэг алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдэнэ. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтын дагуу 2016-2019 онд улсын болон орон нутгийн 16 эмнэлгийн гадна зам, талбайд автомашины зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, сүүдрэвч, сандал, борооны ус зайлуулах суваг шуудуу зэргээр иж бүрэн тохижуулах ажлыг хийж, хүлээлгэж өгнө.

НЗДТГ-аас 2018 оныг  “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг хийсэн. Энэ дагуу нийт 142 ӨЭМТ-ийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болж, зарим ӨЭМТ-д гадна болон дотоод засварын ажлыг хийж эхэлсэн. ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах, иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зэрэг олон талын боломж бүрдэх юм” гэлээ.

 Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2016 оноос эхлэн НЗДТГ-аас иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийсэн. Тэр ажлын нэг нь эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилт, засварын ажил юм. 1980-аад оноос хойш нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын гадна талбайн орчин нөхцлийг сайжруулах тал дээр ямар ч ажил хийгдээгүй. Харин 2016-2019 онд нийт 16 эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн  тохижуулах ажил хийгдэж байна.

Мөн бид нийслэлийн эрүүл мэндийн салбарт нэгэн томоохон ажлыг хийж эхлүүлсэн. Тухайлбал, 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд Гэмтэл, ерөнхий мэс заслын тасгийг шинээр нээсэн. Энэ жил Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, ирэх онд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр нээнэ. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд Гэмтэл, ерөнхий мэс засал, хавдрын өдрийн хими эмчилгээг хийх болно” хэмээн ярилаа. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх