МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, ажил хаялт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Н.Оюунбилэг нар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нартай уулзлаа.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар талуудын байр суурийг сонссоны дараа ажил хаялтыг зогсоохын тулд Засгийн газраас хийж болох бүхий л арга хэмжээг авна гэлээ.
Сангийн яам, НХХЯ, БСШУСЯ-ны сайд нар, МҮЭ-ийн холбоо, БШУҮЭ-ийн холбооны төлөөлөл бүхий ажлын хэсгийг томилохоор боллоо.
Багш нарын ажлын ачааллын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, ҮЭ-ээс санал болгож буй цалингийн нэмэгдлийг 2018 оны төсвөөс гаргах боломж, 2019 онд цалин нэмэх бололцоог тодорхой болгох үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг юм.
Энэ удаагийн багш нарын ажил хаялтыг хууль бус мэтээр бусдыг төөрөгдүүлсэн яриагаа зогсоож нийгэмд бодит мэдээлэл өгмөөр байна. Асуудлыг удаашруулалгүй шийдэж, ажил хаялтыг зогсоох, багш сурагчдын сурч, хөдөлмөрлөх эрхийг хангахад тал талаас анхаарах шаардлагатайг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.
Ажлын хэсэгт ажиллах эсэхээ гишүүдээсээ асууна, олонхийн шийдвэрээр асуудалд хандана хэмээн БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг байр сууриа илэрхийллээ.
Тус ажлын хэсгийн ажлын үр дүнгээс ажил хаялт зогсох эсэх нь шалтгаалах аж.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ҮЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2018 оны 09-р сарын 06 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )