Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болоод манай улсын хэвлэл мэдээллийн байгууллага хамтран, дэмжиж зохион байгуулж байна. Түүнчлэн хоёр улсын элчин сайдын яамд, бусад холбогдох байгууллагууд оролцон зохион байгуулахаар болсон юм байна.
Уг арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зорилго нь хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн манай улсын иргэд Хятадын соёлтой танилцах, хүмүүнлэгийн харилцааг бататгах болоод хоёр улсын найрамдлыг зузаатгахад оршиж байна.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдэд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, нийслэлийн кино театруудаар орчин үеийн шилдэг арван бүтээлийг олны хүртээл болгохоос гадна Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавина. Мөн есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын ӨМӨЗО-ны цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэнг зохион байгуулах, ШУТИС ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.