“Зорчих хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбоотойгоор зорчигчдод зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байна”

2018 оны 08-р сарын 22 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6fb52bd2e830687b4736d14e0b4f098d
Нийслэлийн тээврийн газраас 2018 онд “Иргэдийн оролцоотой-тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах жил” зорилтыг тавин ажиллаж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас дараах мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон.

Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болж байна. Тодруулбал, шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана” хэмээн онцолсон юм.

Мөн холбогдох судалгаа,  тооцооллыг хийж 12 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, оройн буултын цагийг уртасгаад байна. Тухайлбал Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэг гэх мэт  үйлчлэх чиглэлүүд орж байгаа.

Түүнчлэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, троллейбусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна” гэв.

Шалгалтыг нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадна талын цэвэрлэгээ, суудлын бүрээсний угаалга, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг байгууллага дээр нь өглөөний эх авах үед хийж гүйцэтгэж байгаа аж.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шалгалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулсан байна.

Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдахаас 36 сургуулийн 46 автобус хамрагджээ.

Үүнд:

  • Баянзүрх дүүрэг, 11 сургуулийн 12 автобус
  • Баянгол дүүрэг, 4 сургуулийн 7 автобус
  • Сонгинохайрхан дүүрэг, 4 сургуулийн 4 автобус
  • Сүхбаатар дүүрэг, 8 сургуулийн 13 автобус
  • Чингэлтэй дүүрэг, 1 сургуулийн 1 автобус
  • Хан-Уул дүүрэг, 6 сургуулийн 7 автобус
  • Налайх дүүрэг, 2 сургуулийн 2 автобус хамрагдсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шалгалтанд хамрагдсан 46 автобуснаас 27 нь буюу 58.6 хувь шар өнгөтэй байсан боловч 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж, Хүүхдийн автобусны зөвшөөрөл авсан байна.

Шалгалтанд тэнцээгүй тээврийн хэрэгслүүдэд хэрэглээний стандартын шаардлагыг /мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэрэг иж бүрдэлгүй, сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ бичвэрүүд хийгдээгүй/ хангаагүй зөрчлүүд нийтлэг илэрсэн тул хугацаатай үүрэг өгч ажиллажээ.

Сити Баз Консалтинг ХХК”-ийн Хууль, Хяналт шалгалын хэлтсийн дарга Д.Аюурзана “Энэ сарын 20-26-ны хооронд шалгагч, хяналтын ажилтнууд автобусны буудлуудад ажиллаж, картаар үйлчлүүлэх мэдээллийг түгээж, 27-31-ны хооронд хамтарсан байдлаар Автотээврийн улсын байцаагч, Улаанбаатар смарт карт ХХК-тай нэгдсэн шалгалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч буйтай холбоотойгоор картаар үйлчлүүлэх нөхцлыг нэмэгдүүлэхийн тулд энэхүү арга хэмжээг авч ажиллаж байгааг энд онцлох нь зүйтэй.

Нийтийн тээврийн салбар смарт картанд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд бэлэн мөнгөөр зорчих буюу жолоочид өгөх зөрчлүүд гарч байгаа. Тиймээс бидний зүгээс бэлэн мөнгөөр нийтийн тээврээр зорчих биш зөвхөн картаар зорчих шаардлагыг тавьж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд Сити Баз Консалтинг ХХК-иас 100 шалгагч, хяналтын ажилтныг 47 автобусны буудал дээр ажиллуулж, нийтийн тээврээр зорчигчдод зөвлөгөө, мэдээлэл өгч, ажиллаж байна” гэлээ.

Харин “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн ОНХХ-ын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал ярихдаа ““Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Сүүлийн үед карт цэнэглэх үйл ажиллагааг сайжруулах үүднээс 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн төлбөрийн картны төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Зорчигчид Хаан банк, Голомт банкны карт, Юнител, Мобикомын сим карт, емарт, Номин сүлжээ дэлгүүрүүдийн бонус картаар мөн зорчих боломж бүрдсэн” гэдийг тодотгосон юм.

Х.Дэлгэрмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх