Э.Үржинханд : Хөдөөний охин

2018 оны 08-р сарын 20 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
HuduuniiOhin

Өгүүллэг/ “

-Битгий чимээ гаргаад бай л даа, наад хаалгаа хурдан хаа!” гэж Палам гуай уцаарлангуй хэлээд шаахайгаа чирэн том том алхалсаар өрөө рүүгээ явж оров. Түүний ард сааралтан үлдсэн тамхины утаа орчиныг эзэгнэж, цонхоор тусах нарны гэрэлд юу нь үл мэдэгдэх хээ мэт болсоноо аажмаар замхарна. Өөрийн ганц охиндоо бол нүдээ ухаад өгсөн ч буцахааргүй боловч өрөөлийн хүүхдэд эвэртэй туулай үзсэн мэт ханддаг нь жаахан таагүй. Энэ жил есдүгээр ангиа төгсөж буй Халиун сургууль төгстөл хамаатныхаа байранд суухаар саяхан шилжиж ирээд байгаа нь энэ. Хичээл сургуулийн хажуугаар айлын ая тал харахын амаргүйг сүүлийн хэсэг хугацаанд биеэрээ мэдэрч буй тэрээр хэлсэн бүхнийг нь хийнэ. Тэдний охин Маргадтай нас чацуу бөгөөд нэг ангид суралцдаг. Сурлагаар тааруу Маргадад хичээл даалгаварыг нь хийж өгөх, гэрийн ажил хийх өртэй мэт байвч, заримдаа тэгж туслаагүйгээс болж багагүй хэрэг мандана. Хичнээн эе эвийг хичээвч яагаад ч юм заавал нэг шалтаг гарсаар энэ хоёр нэг л эв түнжингүй билээ.

Халиун Палам ахын тушаалаар болгоомжтойхон хаалгыг хаагаад гал зуухны өрөөнд оройн хоол бэлтгэж эхлэв. Баншны гурилыг хичээнгүйлэн элдэж, чимхэхээр завдаж байтал Маргад гаднаас жавар сэнгэнүүлэн орж ирсэнээ: “-Өө, одоо болтол хоолоо хийгээгүй юм уу? Идэх юм байна уу?” гээд үүгээр түүгээр онгичин ямар нэг зүйл эрж гарлаа. “-Өнөөдөр би тоон дээр онцгүй дүн авчихлаа, Чи яагаад надад бодож өгсөнгүй вэ?” хэмээн цухалдан хэлэхэд түүний ээж Надмид авгай улавчаа чирэн орж ирэхтэй зэрэгцэн Маргад чимээгүй болов. “-Миний охин даарсан уу? Явж наад хувцсаа соль” гээд ханцуй шамлан Халиунтай хамт хоол хийлцэж эхлэхэд Маргад ширээн дээр байсан хайрцагтай тамхинаас сэмээрхэн сугалан авахыг Халиун санамсаргүй харчихав. Маргад түүнтэй харц тулмагц долоовор хуруугаа уруулдаа хүргэж, дараа нь гараа зангидан зангаад түргэн гэгч нь гарч одохыг Надмид эгч даанч анзаарсангүй. Төдөлгүй Маргад уур уцаар болсон нүдээ эргэлдүүлсээр орж ирээд: “-Халиун аа, өчигдөр аавын авч өгсөн шар савтай үзэгний цуглуулгыг яасан ?” гэхэд гайхсан нүдээ томруулан байж: “-Мэдэхгүй, би тийм юм огт хараагүй шүү дээ” гэв. “-Би хайгаад олохгүй байна, чи зүгээр л гаргаад өгчих” хэмээн шийдэмгий хэлэх нь тэр. “-Би үнэхээр хараагүй, мэдэхгүй шүү дээ” гэхэд Надмид гуай хэрэгт оролцон: “-Чи өөрөө энд тэнд хураасан юм биш биз дээ? Өөрийнхөө цүнх саванд сайн үзэхгүй юу” гээд нэг их тоосонгүй тул улам ундууцсан Маргад ширэв татан буцаж гарлаа. Тэгээд Халиунаагийн өрөөнд орж хамаг юмыг нь сандаачин хаяхын хажуугаар мөнөөх шар савтай үзэгний цуглуулгаа дэрэн доор нь сэмээрхэн хийж орхив. Халиунаагийн Надмид эгчтэй хамт хичээнгүйлэн хийсэн банштай шөл нь бэлэн болж Палам гуай эхнэрийн хамт оройн хоолоо тухлан зооглоно. Халиун тавагтай хоол барьсаар Маргадыг хооллохыг уриалан өрөөндөө орж ирэхэд тэрээр хамаг юмыг нь талаар нэг тараачихсан сууж байв. “-Үгүй, чи чинь яаж байгаа юм бэ?” гэж балмагдан байж асуугаад халуун хоолыг эвтэйхэн гэгч нь ширээн дээр тавьлаа. Маргад Халиунаагийн гараас угз татан хана руу түлхэж: “-Би хайсан юмаа олсонгүй, Хэрэв чамаас гарч ирдэг л юм бол яавч зүгээр өнгөрөөхгүй шүү. Бас…, тэр тамхины тухай амаа мэдээрэй!“ хэмээн омогдоод гарч одов. Халиун энд тэндгүй тараасан ном дэвтэр, хувцас тэргүүтнийг эхнээс нь авахуулаад хурааж: “-Тоогоо ч бодож чадахгүй байж, хүний өрөөг буулгаад хаячихдаа яахав дээ” хэмээн бодов. Өрөөгөө цэгцэлж дуусаад дөнгөж хооллохоор суутал Надмид авгай бөөн чимээ шуугиан болсоор орж ирэх нь тэр. “-Хүүхдийн юм хааш нь хийсэн юм бэ чи?” хэмээн цамнахад гайхсан Халиун учрыг олж ядан зогстол Маргад уйлсаар араас нь орж ирэв. Халиун: “-Би мэдэхгүй. Үгүй Маргаа чи яагаад уйлаа вэ” хэмээн аргадахаар ойрттол: “-Ээж ээ, Би харсан, тэнд …” гэж ирээд хуруугаа гозойлгон гомдолтой нь аргагүй Халиунаагийн ор луу заав. Ээж нь уурлан бухимдаж: “-Аяга хоол тайван идүүлэхгүй, яасан хаашаа улс вэ” хэмээн ор дэрийг нь онгичиж гартал дэрэн доороос нь үзэг бал тэргүүтэн шалаар нэг тарж, алтлаг өнгөтэй шар хайрцаг газарт хэд хэд өнхөрсөнөө хөмрөн унав. Мэл гайхсан Халиун юу хэлэхээ мэдэхгүй зогстол Надмид гуай: “-Мөрөөрөө байж чадахгүй бас юм хумслана гэнэ ээ чи, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр…Түүгээч наадуулаа” гээд өсгийнөөсөө эхлэн сэмэрсэн улавчаа аваад Халиун руу нүүлгэв. Сандарсан Халиун газраар нэг тарсан үзэг балыг цуглуулж хайрцагт хийгээд Маргад руу сарвайлаа. Харин Маргад худлаа уйлсанаа ээжээсээ нууж, дийлсэн хүний бахдалтай харцаар Халиун руу инээвхийлэх нь даанч нэг гомдмоор. Иймэрхүү явдал хэдэнтээ тохиолдсон боловч тэр бүрийд Халиун тэвчин өнгөрүүлэхээс өөр аргагүйн дээр бүх бурууг өөр дээрээ үүрэн өнгөрөөнө. Хэрэв ямар нэг хэрүүл шуугиан гарвал төдөлгүй ар гэр лүү нь гомдол хүрч хөдөө рүүгээ буцна. Тэгээд сурах мөрөөдөл нь талаар өнгөрөх тул Халиун яаж ийж байгаад л бүгдийг хүлцэнэ. Цавцайн цайх цасан дээр өвлийн наран одод гэрэлтүүлэн гийнэ. Одод цасан дээрээс нүд гялбуулан анивчих нь үлгэрийн гэмээр сайхан. Халиун физикийн олимпиадад тэргүүн байр эзлээд, ангийн найзуудтайгаа элдвийг хөгжилдөн баяр хөөр болсоор орж ирэв. Палам гуай мөн л нуруугаа үүрэн тамхиа баагиулангаа хаалга аяархан хаахыг сануулаад өрөөндөө ороход Халиун утааных нь үнэрт хоолой нь хорсож ханиасаар хоцров. Чингээд өрөөндөө орж шагналын бичгээ гарган баярлаж суутал Маргад аягатай час халуун кофе барьсаар орж ирэв. Өнөөдрийн хичээлийн даалгавар, энэ тэрийг ярьж суусаар нэг мэдэхнээ Маргадын халааснаас тамхины хайрцаг цухуйн байхыг олж харлаа. Халиун: “-Пөөх, Маргаа чи тамхи татсаар л байгаа юм уу? Чи болихгүй бол би Палам ахад хэлнэ шүү ” гэхэд Маргад дүрсхийн уурлаж: “-Энэ чамд хамаагүй, чи өөрийгөө л хичээ, улаан хацарлачихаад байж байгааг нь…” гэж зэвүүцмээр хэлсэнээ Халиунаагийн ширээн дээрхи баярын бичгийг авч: “-Нээх номын царайлчихаад…Хм, сайхан л байдаг байх даа” гээд эргүүлж тойруулан үзсэнээ илт дүргүйцлээ илэрхийлж, харсаар байтал түүн дээр балаар зурж гарав. Халиун энэ удаад үнэхээр хүлцэж тэвчсэнгүй тул: “-Маргаа чи арай ч ингэж болохгүй биз дээ? Болиоч, боль…” хэмээн баярын бичгээ авахаар түүний гараас барихад Маргад нөгөө талаас нь угзрав. Хариугүй урахын даваан дээр Халиун түүний гараас баярын бичгээ мулталж авлаа. Маргад уураа барьж ядан түүн рүү гараа далайхдаа час халуун кофе татаж асгах нь тэр. Нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаж хормын зуур түүний гар нь цэврүү үсрэн түлэгдэв. Охиныхоо уйлах дуунаар Палам, Надмид хоёр уралдах шахуу орж ирвэл: “-Аав аа, Халиун, энэ муу намайг түлчихлээ” гэсээр чарлаж гарав. Гар хөл нь цэврүүтэн түлэгдсэн охиноо хараад Надмид авгай халаглан байж түүнийг авч гарлаа. Палам гуайн нүдэнд гал асах мэт уурсаж, Халиуныг толгой түрүүгүй нүдэж нүдчихээд, хурдан тэднийхээс явахыг тушаав. Гомдохын ихээр гомдсон Халиун уйлж суухад цонхон дээр тогтсон цана ямар нэгэн хээ угалз үүсгэж гадна орших чөлөөт ертөнцөөс хязгаарлах шиг. Наран авхай баруунтаа хэвийж, өвлийн бүүсгэр үдэш хотын утаан дунд нүүгэлтэнэ. Чухам юунаас болсон эсэхийг огт мэдэхгүй хэрнээ Халиуныг тийнхүү үгийн зөрөөгүй шийтгэсэн Палам гуайн ууртай улаан нүд ахин дахин харагдах нь аймшигтай. Чингээд Халиун хүрмээ өмсөж, сэмээрхэн гэтсээр гутлаа солиод тэднийхээс гарч одлоо. Өвлийн хүйтэн үдэш ангийн нөхдөөс өөр танилгүй Халиун хаачихаа мэдэхгүй байрны гадаа хэсэг зогсов. Чингээд халаасаа уудалвал хэдэн төгрөг байна. “-Ямартаа ч Маргадад түлэнхийд түрхдэг эм авч өгье байз” гэж шийдээд явлаа. Энэ зуур Надмид авгай түүний эзгүйг огт гадарлаагүй агаад өрөөнийх нь дэргэдүүр өнгөрөнгөө: “-Үгүй ер, бүр баашлаад хоол ч хийхээ больжээ энэ чинь” гэхэд Палам гуай: “-Дургүй бол хийхгүй л байна биз. Залхуурч байгаа хүнд битгий хоол өг цаашаа” гэж уурсана. Тэрээр ойролцоох хэд хэдэн эмийн сангаас түлэнхийн шарханд түрхдэг тос, эм зэргийг сураглавал байхгүй гэнэ, байгаа нэг нь хэтэрхий үнэтэй бөгөөд мөнгө нь үл хүрэлцэнэ. Өвлийн нар эрт шингэж, цавцайн цайрах хотын гудамжаар алхах хүмүүстэй зөрөлдөн явсаар нэг мэдэхнээ харанхуй нөмрөв.Өдий болтол сургууль, гэрээс өөр зүгт төдийлэн хазайж үзээгүй хөдөөний жаахан охин хичнээн хол явсаныг ч бүү мэд. Ашгүй нэг түлэнхийн шарханд түрхэх тос худалдаж авлаа. Чингээд эм олсондоо сэтгэл нь тайвширч, сая л ухаан орсон мэт харихаар завдтал хаана ирсэнээ ухаарсангүй. Жаварт даарсан чихээ барин, гараа амандаа хүргэж: “-За байз…, 8-р байр. Энэ байрны араар тойроод. Өө, юу билээ байз…” хэмээн хэсэг зогсов. Анх гэрээ олно гэдэгт юу юунаас илүү итгэлтэй байсан ч сая л төөрсөнөө мэдэхэд ямар нэгэн айдас түүнийг нөмрөн авах шиг болов. Даарч ядаж байхад хажуугаар нь бээлийгээ хаана нэгтээ гээжээ. Халиун байн байн алгаа хооронд нь үрж, байрнууд дундуур алхаж гарлаа.Тэрээр явсаар байрныхаа өмнө ирээд хаалгаа тогшиж эхлэв. Хичнээн тогшсон боловч хэн ч түүнд хаалга нээсэнгүй. “-Үнэхээр намайг оруулахгүй гэж үү” хэмээн улам цөхөрсөн Халиун сүүлдээ шатанд дээр гуниглан суухдаа өөр байранд андуурч орсноо үл ухаарав. Харин энэ үед Маргад гэрийн даалгавраа хуулах санаатай Халиуны өрөө рүү болгоомжтойхон шагайгаад түүний эзгүй байхыг сая олж мэдлээ. “-Аав аа, аав. Халиун алга байна” хэмээн сандран ирэв. Чингээд ойр хавьд хичнээн хайгаад олсонгүй. Тэр шөнөдөө Халиун ирсэнгүй. Гайхаш тасарсан Палам өглөө эртлэн гарлаа. Дараа нь Маргад сургуулийн зүг ганцаар алхахдаа өмнө хэзээ ч түүний төлөө ингэтэл санаа зовж байсангүй. Хэрэв ямар нэг муу юм тохиолдсон бол яана гэхээс эмээж, элдвийг бодон санаа зовсоор явтал түүний өрөөсөн бээлий цасан дээр хэвтэж байхыг олж харав. Өглөө эрт тул олон хүн төдийлөн явж амжаагүй тэнд бээлийнээс холдон явсан мөр байх нь тэр. “-Яах аргагүй мөн дөө” хэмээн шөнийн шинэхэн цасанд үл ялиг бүдгэрсэн мөрийг дагаж явсаар ойролцоох байрны орцны үүдэнд ирэв. Маргад эргэн тойрныг гайхан сонжсоор орц руу орж Халиуныг хайж эхэллээ. Яаран дээшилсээр дөрвөн давхарт гарвал шатан дээр өвдгөө тэврэн сууж байх нь тэр. Маргад зогтусан очоод гараас нь татаж: “-Үгүй, чи чинь энд юу хийж байгаа юм бэ? Гэртээ харихгүй яасан юм бэ? ” хэмээн үнэн сэтгэлээсээ зовнин асуухад Халиун дугарсангүй. Маргад гэмшингүй дуугаар: “-Би дахиад хэзээ ч тамхи татахгүй ээ, бас…Чи дахиад битгий ингэж яваарай за юу” хэмээн түүнийг аргадахад: “-Чи өөрөө хаалгаа онгойлгохгүй байсан биз дээ. Май, энийг шархандаа түрх” гээд гомдолтой нүдээр харж худалдаж авсан эмээ сарвайлаа. Тэд эгээл эгч дүүс адил хөтлөлцсөөр орцноос гарч ирэхэд өглөөний нар цацран гэрэлтэж, цасан дээр туссан алтан шаргал туяа нь эрдэнийн зүйлс мэт газраар нэг гялалзаж байлаа.
Зохиогч Э.Үржинханд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх