Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ

2018 оны 08-р сарын 08 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fc18fbd8100b86ed4e24885ed3d318a7

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н 2 үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилсөн байна. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч 8 дугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Ингээд ХХАА-н яамны Сайдын зааврын дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох талаар Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гаргасан юм. Захирамжийн хүрээнд Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байна.

Галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийсэн талаар аймгийн ОБГ-ын орлогч дарга Б.Ганхүү мэдээлэв. Тэрээр малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67-н ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх