59891 хүүхэд цахим бүртгэлд хамрагдаад байна

2018 оны 08-р сарын 06 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_5953_20180806035502

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Эхлээд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил өнгөрсөн 14 хоногт Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаварын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газрууд мэдээлэл хийв.

Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм байна. Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар цахимаар 59891 хүүхэд бүргүүлсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна” хэмээлээ.

Энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь бүрэн ашиглалтад орсон тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орох аж. Үлдсэн найм нь энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн Улаанбаатар хотод 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх