Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг өчигдөр албан өрөөнд нь үл таних этгээд хутгалж, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарсан.
Тус хэргийг үйлдсэн иргэн Б.Идэрчулуун анх угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн байдаг.
Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгчээ.
Улмаар сэжигтэн Б.Идэрчулуун дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон бөгөөд энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хутгалсан байна.
2018 он гарснаар иргэн Б.Идэрчулуунаас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй гэсэн мэдээллийг дүүргийн зүгээс өгсөн.
Мөн сэжигтэн Б.Идэрчулуун нь дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа юм.
Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна.
Сэжигтэн И нь хутгалсан даруйдаа хутгаа хэрэг гарсан өрөөний цонхоор шидсэнийг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.
Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.