Жолооч нар ажлын томилолтоо гардан авлаа

2018 оны 07-р сарын 27 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37856916_1755519084483141_8625664356215947264_n_20180727023736

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрт тусгасан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулав.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Жолоочийн 80 ажлын байранд 194 иргэд бүртгүүлснээс энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулсан хувь хүний хөгжлийн цогц сургалтад ирц бүрэн, идэвхитэй оролцож, хариуцлагатай хандсан залуучуудад батламж гардуулж, ажлын байранд нь шууд холбож өглөө. Энэ удаагийн ажилд орсон залуучуудын хариуцлагатай байдал, ажлын гүйцэтгэлээс хамааран цаашид тус үйл ажиллагаа үргэлжилнэ” гэж хэллээ.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Өнөөдөр батламж гардан авсан залуучууд манай компанид гишүүнчлэлтэй 17 компанид хуваагдан ажиллана. Бид зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана” хэмээв.

Мөн “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай өнгөрсөн нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг. Түүнчлэн жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой.

Батламжаа гардан авсан залуучуудын төлөөлөл Д.Хүдэрчулуун “Энэ дөрвөн өдрийн сургалтууд үр дүнтэй боллоо. Батламж гардан авч, шууд ажилдаа орох болсондоо баяртай байна. Мөн ангилал дутуу, мэргэшиж амжаагүй байгаа жолооч нарыг нэгдсэн сургалтад хамруулан, бичиг баримт нь бүрэн болсны дараа шууд ажилд нь оруулахаар болсонд талархаж байна” хэмээлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх