Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзаж, хэлэлцүүлэгт оролцов

2018 оны 07-р сарын 19 өдөр, 16 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3a6b72b387de68934a02ef1a917b9067

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертэй өчигдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Улаанбаатар хотноо энэ сарын эхээр зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын  хоёрдугаар бага хурлын дүнг товч танилцуулж, Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын тайлангаа НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2019 оны чуулга уулзалтаар танилцуулахаар төлөвлөж буйг мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер талархал илэрхийлээд, Шадар сайд Ө.Энхтүвшинг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Амьдралын төлөөх байгаль: Хүн ба дэлхийд хөрөнгө оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, туршлагаасаа хуваалцахыг урив. Шадар сайд энэхүү хэлэлцүүлэгт Сенегал Улсын Байгаль орчны сайд, Египет Улсын Хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын хамт оролцлоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох байгалийн арвин нөөц баялагтай, том зах зээлд ойр, ардчилал, зах зээлийг эрхэмлэсэн хуультай зэрэг олон давуу талтай ч эдгээрийг бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас үүдэн ядуурал, ажилгүйдэл, байгалийн доройтол, агаарын бохирдол, хот хөдөөгийн ялгаа, шилжилт хөдөлгөөн зэрэг олон сорилттой тулгарч байгааг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн “Манай улс сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт илүү анхаарал хандуулж байсан бол одоо эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Цөөн хүн амтай, газар нутаг өргөнтэй манай улсын хувьд байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байна. Тийм учраас бид байгалиа хамгаалах асуудлыг бүх нийтийн үйлс гэж үздэг. Энэ бол зөвхөн төрийн үүрэг биш, иргэд, төрийн бус байгууллага гээд бүх тал байгаль хамгаалах үйлсэд оролцох учиртай. Манай Засгийн газрын хувьд бүх сайд нарт байгаль хамгаалах чиг үүргийг олгосон, сайдын ажлыг дүгнэхдээ байгаль хамгаалах чиглэлээр хэрхэн ажилласныг дүгнэх ёстой гэж үзэж байгаа. Байгалийн нөөц хязгаарлагдмал учраас байгалийн баялгаа цаашид хэрхэн ашиглах талаар бодлого гарган хэрэгжүүлж байна” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын энэхүү арга хэмжээнд оролцож “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэх байгаль орчинд суурилсан бодлого, арга хэмжээний талаар танилцуулан, бусад улс оронтой өөрийн туршлагаасаа хуваалцсан нь ач холбогдолтой болов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх