“Автобусны жолоочид мөнгө өгч зорчих нь буруу”

2018 оны 07-р сарын 19 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
63f8ff1d31be638b4a6125a188e00ec9
Аль дуртай хаалгаараа орж, кондукторт мөнгөө өгч тасалбар авчихаад, олны дунд чихэлдэн явдаг үе саяхан мэт санагдах ч энэ цаг дуусаад аль хэдийнээ гурван жилийн нүүр үзжээ. Анх иргэдийг автобусанд цахим картаар үйлчлүүлж сурч, жигдрэхэд 1.5 жил шаардлагатай хэмээн тооцоолсон байдаг. Гэвч өдийг хүртэл “цахим картаар” явж хэвшээгүй байгаа нь хачирхалтай.

Хэд хоногийн өмнө нийтийн тээврээр зорчиж явахдаа автобусны шалгагч бүсгүйтэй ярилцах боломж олдсон юм. Бид хэсэг зуур ярьж зогсоход тэрбээр жолооч болоод зарим зорчигчдын тухай, “Иргэд маань бүгдээрээ автобусанд зорчихдоо смарт карт ашиглаад хэвшчихвэл хэн хэндээ амар юм, уг нь. Гэтэл смарт картаар зорчихоосоо илүүтэй жолоочид мөнгө өгч зорчдог зөрчил түгээмэл байна. Энэ утгаараа автобусны жолооч шиг баян хүн алга болжээ. Нэг тойроод л хэдэн арван мянга, бас болоогүй тусдаа цалин авна гээч. Хүмүүс тэрийг нь мэдэхгүй мөнгө өгөөд байх” хэмээн ярьж байсан юм.

Нээрэн л гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр олон зүйлээс болж уг байдал үүссэн болох нь гарцаагүй. Биднийг ярилцах үеэр хэд хэдэн хүн автобусанд бэлэн мөнгөөр зорчихыг оролдлоо. Тэдний ихэнх нь “Заа сүртэй шд”, “Тэр картыг чинь цэнэглүүлэх гэж ядаргаа” гэж байсныг хараад гадаа халуунд хөлсөө урсган зогсох тэдгээр шалгагчдыг бага ч гэсэн ойлгох шиг болов. Зөрчил гаргаж буй иргэдэд шаардлага тавина, түүнийхээ хариуд ёс бус үгээр хараалган зэмлүүлнэ.

Улсын минь хөгжил бидний ухамсарт үйлдлээс эхэлнэ. Иргэн та хүн бүхний хөдөлмөрийг үнэлэн нийтийн тээврээр зорчихдоо “Цахим карт” хэрэглэж хэвшээрэй.

Б.Халиун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх