2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Малын генетик нөөцийн тухай хууль нь малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, шинэ үүлдэр, омог бий болгох, малын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, мал үржүүлэг, биотехнологийн ажилд биотехнологийн ололт нэвтрүүлэх, тэжээллэг, аюулгүй хүнс үйлдвэрлэх, улмаар мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байна. Энэ бүхэнд малчдын оролцоо, идэвх санаачилга маш чухал учраас хуулиар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн эдэлж буй эрх, хүлээж буй үүргийг танилцуулж байна.
Малчин та буянт мал сүргийн нөөц баялгийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч билээ. Мал сүрэг нь Үндсэн хуулиар төрийн хамгаалалтад байгаа үндэсний баялаг юм. Монгол Улсад 2017 оны байдлаар 169,7 мянган малчин өрх, 303.6 мянган малчин, 66,2 сая тоо толгой малтай байна. Үүнээс, 10-200 тоо толгой малтай өрх нийт малчин өрхийн 43 хувь, 201-500 тоо толгой малтай өрх 35 хувийг эзэлж байгаа бол 2000 ба түүнээс дээш малтай 400 гаруй өрх байна. Нийт малчин өрхийн 41 хувь нь Хангайн бүсэд, 26 хувь Баруун бүсэд, 21 хувь нь Төвийн бүсэд, 12 хувь нь Зүүн бүсэд тус тус амьдарч байна.
Малчин танд орон гэр, амьдрал ахуйгаа өөд татах, үр хүүхэддээ боловсрол мэдлэг эзэмшүүлэх, хуримтлалтай болох зэрэг хэрэгцээ шаардлага олон бий. Энэхүү хэрэгцээ, шаардлагаа хангахын тулд малын тоо биш чанартаа анхааран, нэг малаас авах ашиг шимээ дээшлүүлж, малын өвчнөөс урьдчилан сэргийлж, бэлчээр усаа зөв зохистой ашиглах, хоршин нэгдэх, биржээр дамжуулж түүхий эд, бүтээгдэхүүнээ борлуулах хэрэгтэй. Иймд малчин таны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх улмаар амьдралын чанар, нийгэмд эзлэх суурийг дээшлүүлэхэд дөхөм болох Малын генетик нөөцийн тухай хуулиа судлан хэрэгжүүлээрэй.
Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээдийн эдлэх эрх
- Үндэсний үйлдвэрлэгчээр баталгаажиж, өрхийн баталгааны тэмдэг хэрэглэх
- “Малчин” мэргэжлээ баталгаажуулж, мэргэжлийн үнэмлэх тэмдэгтэй байх
- Генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх
- Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ авах эрхтэй
- Баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах
- Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг зөвшөөрөгдсөн бүс нутагт үржүүлэх
- Цөм сүргээс хээлтүүлэгч хээлтүүлэгчийг сонгон, мэргэжлийн хяналтан дор үржилд ашиглах
- Бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой хэрэглэх
- Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авсан, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан бол малчин танд Засгийн газраас дэмжлэг, урамшуулал олгохоор Малын генетик нөөцийн тухай хуульд заажээ.
Малын генетик нөөцийг ашиглахад малчны үүрэг
- Тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашиглах
- Малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй байх
- Эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх
- Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг үнийн дагуу үйлчилгээ авсан зардлаа хариуцах
- Мал сүрэгт жил бүр үзлэг, ажиглалт хийлгэж, ашиг шимт чанарыг үнэлүүлэх, баталгаажуулах
- Үржлийн малд удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтлөх
- Стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг үржлээс хасах
- Банкнаас зээл авах, даатгуулах зэрэг зах зээлийн харилцаанд орохдоо малаа үндэсний бүртгэлд оруулсан байх
- Малчин өрх нь мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахдаа тогтоосон журмын дагуу баталгааны тэмдэг хэрэглэх үүрэгтэй гэж хуульд заасан байна.
Малчин та малын генетик нөөцийг зохистой ашигласнаар түүнийхээ үр шимийг хүртэх, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимд байнгын хяналт тавих, чанартай, стандартын шаардлага хангасан, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, энэ хэрээр ашиг орлоготой, сэтгэл тэнүүн амьдрах боломж байна.