Налайх дүүргийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж байна

2018 оны 07-р сарын 18 өдөр, 11 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
niigmiin

Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ч.Раднаабазар болон холбогдох хамтарсан багуудын төлөөлөл болох 30 гаруй хүн оролцон, хүүхдийн эхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, нэгдсэн төлөвлөгөөтэй болох, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгын дор хуралдаж байна.

Хурлыг нээж Налайх дүүргийн Засаг дарга  Ч.Раднаабазар  үг хэллээ. Тэрээр  “Хүүхдийн эрхийг хангахтай, хамгаалахтай холбоотой хэд хэдэн хууль хэрэгжиж байгаа хэдий ч төдийлэн үр дүнтэй биш байгаа нь сүүлийн үеийн нийгмийг цочроогоод байгаа олон хэргээс дүгнэж болохоор байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас өнөөдрийн хуралдааныг зохион байгуулж байна. Эндээс нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, цаашид хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн хурлыг тогтмолжуулан, хаа хаанаа сэтгэлтэй, хяналттай, хариуцлагатай хүүхдүүдийнхээ төлөө үр дүнтэй хамтарч ажиллахыг хүсье” гэв.

Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр “Хүүхдээ сонсьё” аяны хүрээнд хүүхдүүдийн гаргасан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Прокурор, Цагдаа, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн салбараас тус бүр хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөнд тусгах санал, хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж байгаа асуудлыг тус тус хэлэлцүүлж байна. Хуралдаан хагас өдрийн туршид үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх